“Гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдал, хүртээмж, үр нөлөө” сэдэвт онол, практикийн бага хурал боллоо

Нийтэлсэн өдөр: 2023.05.05, баасан



Монголын Хүмүүнлэгийн өдрийн хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдал, хүртээмж, үр нөлөө” сэдэвт онол, практикийн бага хурал зохион байгууллаа. Онол практикийн бага хурлын гол зорилго нь гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдлыг хэлэлцэж, сургалтын хэрэгцээг тодорхойлох, хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх, сургалтын үйл ажллагааг боловсронгуй болгох асуудал, шийдлийг хэлэлцэх юм.

Сургалтын нээлтэд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Хурлаар “Гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор, хурандаа Ж.Амгалан, “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, “Аж ахуйн нэгж байгууллагад зориулсан гамшгаас хамгаалах сургалтыг тодорхойлсон судалгааны үр дүнгээс” сэдвээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын ажилтан П.Амарзаяа, “Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн оюутнуудын сэтгэл ханамжийн хүчин зүйлсийн дүн шинжилгээ” сэдвээр Дотоод хэргийн их сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, доктор дэд хурандаа Б.Энхтүвшин, “Байгалийн гамшигт үзэгдэл зудын үеийн боловсрол” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Бүрэнжаргал, “Гамшиг судлалын магистрын сургалтын хөтөлбөрийн өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ” сэдвээр Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Б.Саранцэцэг, “Гамшгаас хамгаалах сургалтын онол аргазүйн зарим асуудалд” сэдвээр Үндэсний батлан хамгаалахын их сургууль, судлаач, доктор, профессор П.Цэдэв нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын санал, зөвлөмжийг сонссон юм.

Онол, практикийн бага хурлаар хэлэлцсэн эдгээрийн сэдвийн хүрээнд Гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдалд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, цаашдын хэрэгцээг тодорхойлох, Гамшгаас хамгаалах сургалтын тогтолцоо, үйл ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлох, Сургалтын хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэх, цаашид авах арга хэмжээний шийдлийн талаарх саналыг тус тус хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.  

Хуралд Гамшгаас хамгаалах байгууллага, Сургалт, судалгааны байгууллага, Төрийн болон Төрийн бус байгууллага, Мэргэжлийн анги, судлаачид, мэргэжилтэн, их дээд сургуулийн оюутнууд оролцлоо.