Нийтэлсэн өдөр: 2023.05.03, лхагва
Монголын Хүмүүнлэгийн өдрийн хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэг, Ус Сувгийн Удирдах Газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо хамтран “Цусаа бэлэглэх өдөр” 98 дахь удаагийн өдөрлөгийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр, Ус Сувгийн Удирдах Газрын дарга Ц.Төрхүү, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Б.Жавзмаа болон холбогдох албаны хүмүүс оролцож, доноруудад талархал илэрхийлсэн юм.
Энэхүү өдөрлөгийн үер Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шагналаар 100 буюу түүнээс дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн “Хүндэт донор” Э.Нандинцэцэг, н.Даваадавга нарт “Мөнгөн донор”, 70-аас дээш удаа цус өгсөн Хүндэт донор Д.Цэвэлсүрэн “Хүрэл донор” тэмдэг олгож, алдаршуулав. Мөн цусны доноруудад “Бахархал 30“, ”Бахархал 20”, “Бахархал 10” тэмдгийг гардуулж өгсөн юм.
Өдөрлөгийн үеэр Ус Сувгийн Удирдах Газрын 50 орчим хүн цусаа бэлэглэж, 150 гаруй хүний амь нас аврах үйлсэд нэгдлээ.
“Цусаа бэлэглэх өдөр”-ийг тогмтол зохион байгуулснаар нийслэлийн хүн амын дунд цусны донорын талаарх мэдлэг хандлага сайжрах, цусны донорын үйлсэд нийслэлийн төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо нэмэгдүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний нөөц нэмэгдэж, хангамж сайжирна гэдгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв онцолсон юм.
Дашрамд дуулгахад, 2023 оны 04 дүгээр сарын статистик үзүүлэлээр цус цуглуулалт 2021 оны мөн үеэс 1328 нэгж буюу 67 хувиар, 2022 оны мөн үеэс 848 нэгж буюу 34 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Бусдын амь аврах, эрүүл мэндийг дэмжих, энэрэнгүй хүмүүнлэг үйлсийн эзэд эрхэм доноруудаа талархал илэрхийлж, нийт ард иргэд, байгууллага хамт олныг цусны донорын эгнээнд нэгдэж, цус цусан бүтээгдэхүүний байнгын нөөцийг бүрдүүлэхэд оролцохыг уриалж байна.