Эрсдэлийн харилцаа холбоо, сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх сургагч багш бэлтгэлээ

Нийтэлсэн өдөр: 2023.04.13, пүрэв

 

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, HҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Олон нийттэй харилцах, ил тод байдлыг хангах, дархлаажуулалт” төслийн хүрээнд “Эрсдэлийн харилцаа холбоо, сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх сургагч багш бэлтгэх” сургалт зохион байгууллаа. Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн  Эрүүл мэндийн газрын сургалт, сурталчилгаа, эрсдэлийн харилцаа холбоо хариуцсан 1 мэргэжилтэн, Дунд шатны хорооны 1 арга зүйч нар хамрагдсан юм.

Сургалтын гол зорилго нь олон нийттэй харилцах, ил тод байдлыг хангах аргачлал нь вакцинжуулалтын талаарх олон нийтийн санаа бодлыг судалж, дүн шинжилгээ хийж, иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлын дагуу үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, үр дүнг сайжруулахад чиглэв. Мөн дархлаажуулалтын тухай мэдлэг, мэдээлэл олгох, хүн амын дундах халдварт болон халдварт бус өвчний тархалт, өвчлөлийг бууруулах, сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх, зөв дадлыг хэвшүүлж, вакцинд хамрагдах хүмүүсийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

Оролцогчид сургалтад хамрагдснаар эрсдэлийн үеийн харилцаа холбооны удирдлага, зохион байгуулалтын тухай ойлголт, дархлаажуулалтын ач холбогдол, дархлаажуулалт ба урьдчилан сэргийлэлт, заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын тухай ойлголтийг өгч сургагч багш нарыг чадавхжуулах, зорилтот мэдээллээ хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэх аргачлал, сэтгэл зүйн суурь анхны тусламжийн тухай ойлголтын талаар мэдээлэл авч чадавхжсан юм. Мөн халдварт болон халдварт бус өвчлөлөөс сэргийлэх мэдээлэл харилцааны бэлэн байдлыг хангах эмч, эмнэлгийн ажилтан, эрсдэлийн харилцаа, холбоо, сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх чиглэлээр бэлтгэгдсэн сургагч багш орон нутагтаа очиж, сайн дурын идэвхтнүүдийг чадавхжуулах юм.