Нийтэлсэн өдөр: 2023.04.11, мягмар
Бүгд найрамдах Турк, Арабын Бүгд найрамдах Сири улсад болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн ард иргэдэд туслах зорилготой хандивын аяныг Монголын улаан загалмай нийгэмлэг, 20K клуб хамтран 2023 оны 02 дугаар сарын 11-нээс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд орон даяар зохион байгуулсан юм.
Уг хандивын аяны хүрээнд Монголын ард түмний сэтгэлийн дэмээр цугласан 29,152,837 төгрөг, Үндэсний үйлдвэрлэгч Тоди ХХК, Сүү ХК, Очир Дагинас ХХК, Монголын Алт МАК ХХК, "Бодь интернэшнл” ХХК-ын хандивыг Бүгд найрамдах Турк улсын Элчин сайдын яаманд 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээлгэн өглөө. Хандивыг хүлээн авах үйл ажиллагаанд Бүгд найрамдах Турк улсын Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Сарп Эгэ Өзпиринчжи, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын ажилтан Г.Сугармаа, Сайн дурын идэвхтний төвийн зохицуулагч О.Билгүүн, Нөөц хөгжүүлэх, олон нийттэй харилцах багийн ажилтан Д.Нэргүй, 20K клубын Тэргүүн Г.Энхболд нар оролцов.
Хандивын аянд идэвхтэй оролцсон, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн, Улаан загалмайн гишүүд, сайн дурын идэвхтнүүд болон дэмжиж, хамтран ажилласан 20К клубын хамт олон, халуун сэтгэлт Монголчууддаа талархлал илэрхийлье.
Мөнгөн тусламжийн мэдээллийг Монголын улаан загалмай нийгэмлэг (redcross.mn) вэб сайтын ХАНДИВ хэсэгт олон нийтэд ил тод, нээлттэйгээр байршуулав.