Нийтэлсэн өдөр: 2023.01.20, баасан
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газраас Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны дэмжлэгтэйгээр “Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээ авах” хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор цар тахлын үед орлогогүй болсон, ажил, бизнесээ алдсан зорилтот бүлгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эх үүсвэрийг төрөлжүүлэх, бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө босгох, бизнес төслийн санал боловсруулах ур чадварт суралцах сургалтыг 2022 оны 10, 11 дүгээр сард 3 ээлжээр зохион байгуулсан билээ. Сургалтын гол зорилго нь оролцогч өөрийн энтрепренёр шинж чанар болон бизнес эрхлэх чадавхиа үнэлэх, тодорхой аргачлалуудын тусламжтайгаар бизнес санаанд дүн шинжилгээ хийн бизнесийн загвараа тодорхойлж, түүнийгээ зах зээлд тогтвортой ажиллуулах төлөвлөгөө гаргахад суралцах, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, харилцагчийн үйлчилгээ, маркетинг, борлуулалт, санхүүгийн төлөвлөлтөө төлөвлөж сурахад чиглэсэн юм.
Сургалтад нийслэлийн 6 дүүргийн 120 хүн хамрагдсан бөгөөд Бизнес эрхлэгч гэж хэн бэ, амжилтын түүх, Бизнес төлөвлөлтийн тухай ойлголт, түүний бүтэц, Санаагаа хөгжүүлэх, бүтээлчээр дүрслэх, зорилтот хэрэглэгчидэдтанилцуулах, Маркетингийн төлөвлөлт, Санхүүгийн төлөвлөлт, Бизнес модел загвар зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл авч, багт хуваагдан дадлага ажил хийж гүйцэтгэсэн юм.
Төслийн сургалтад үе шаттайгаар хамрагдсан оролцогчдоос ирүүлсэн төслүүдээс 28 төсөл шалгарч, бизнесийн тэтгэлэг болох 80 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулж өглөө.