Манжуур, Хайлаарынхан хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүслээ

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

     МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй Улаан загалмайн ажилтнууд Манжуур, Хайлуур хотуудад зочилсон юм. Өмнө нь Хайлаар хотын Улаан загалмайнхан Монгол Улсад айлчилж, бидний хамтын ажиллагааны гараа эхэлсэн. Энэхүү харилцан хамтын ажиллагааг эхлүүлэх, бэхжүүлэхэд Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б. Ганболдын хүчин зүтгэлийг онцлох нь зүйтэй байх. Тэрбээр хил залгаа эдгээр хотуудын Улаан загалмайн хороодтой хамтран ажилладаг. Эдүгээ  нийгэмлэгийн төвшинд хамтран ажиллахаар боллоо.

 

МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Манжуур, Хайлаар хотуудад ажиллахаас гадна  Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны үйл ажиллагаатай танилцах зорилготой байв. Дорнод аймгийн Улаан загалмайн хороо бол манай нийгэмлэгийн тэргүүний хороодын нэг юм. Тиймээс хорооны үйл ажиллагаатай орон нутагт очиж танилцах нь бодит үнэлгээ юм.

 

Доронд аймгийн цэцэрлэг, сургууль, төр болон хувийн хэвшилд Улаан загалмайн анхан шатны хороо хэрхэн ажиллаж байгаатай танилцлаа. Мөн Улаан загалмайчидтэй уулзалт зохион байгуулж, МУЗН-ийн шинэчлэлийн үйл ажиллагааг танилцуулахаас гадна тэдний санал хүсэлтийг сонссон юм. Айчлалын хоёр дахь өдөр Манжуур хотод зочиллоо. Тэнд Манжуур,  Хайлаар хотын Улаан загалмайн хорооны дарга нараас гадна Өвөрмонголын Улаан загалмайн хорооны дарга, Тамгын газрын даргатайгаа хамт  МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахаар зорин ирсэн байв. Манжуур хотод хамтын ажиллагааны санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар туршлага солилцох аяллыг тогтмолжуулах, өсвөрийн Улаан загалмайчдын солилцооны хөтөлбөрийг боловсруулах, эмнэлгийн үзлэг, оношилгоог хамтран зохион байгуулах зэрэг асуудлаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцсан юм.