Нийтэлсэн өдөр: 2022.11.21, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газраас Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны дэмжлэгтэйгээр “Ковид-19 цар тахлын нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөнөөс шалтгаалан орлогогүй болсон, ажил, бизнесээ алдсан зорилтот бүлгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эх үүсвэрийг төрөлжүүлэх, бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө босгох, бизнес төслийн санал боловсруулах ур чадварт суралцахад нь дэмжлэг үзүүлэх” сургалтыг 11-р сарын 09-нөөс 17-ны өдрүүдэд 3 ээлжээр зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь оролцогч өөрийн энтрепренер шинж чанар болон бизнес эрхлэх чадавхиа үнэлэх, тодорхой аргачлалуудын тусламжтайгаар бизнес санаанд дүн шинжилгээ хийн бизнесийн загвараа тодорхойлж, түүнийгээ зах зээлд тогтвортой ажиллуулах төлөвлөгөө гаргахад суралцах, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, харилцагчийн үйлчилгээ, маркетинг, борлуулалт, санхүүгийн төлөвлөлтөө төлөвлөж сурахад чиглэсэн юм.
Сургалтад нийслэлийн 6 дүүргийн 120 хүн хамрагдсан бөгөөд “Технож БИТ”-ийн захирал Г.Галаарийдий, багш, коүч Б.Номин-Эрдэнэ, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын Ахлах ажилтан А.Мөнхтуул нар сургалтыг чиглүүлэн ажиллав. Сургалтад оролцогчид Бизнес эрхлэгч гэж хэн бэ, амжилтын түүх, Бизнес төлөвлөлтийн тухай ойлголт, түүний бүтэц, Санаагаа хөгжүүлэх, бүтээлчээр дүрслэх, зорилтот хэрэглэгчидэд танилцуулах, Маркетингийн төлөвлөлт, Санхүүгийн төлөвлөлт, Бизнес модел загвар зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл авч, багт хуваагдан дадлага ажил хийж гүйцэтгэсэн юм.
Сургалтад хамрагдсон оролцогчид Сургалтаар бизнес эрхлэгч хүний сэтгэл зүй, зорилго, зорилтоо тодорхойлж өөрийн бизнес санаагаа хөгжүүлэх, бизнес төсөл бичих сэдвийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэг бүрчлэн ойлгож мэдэхээс гадна өөрсдийн бизнес төслийн санаагаа нэг нүүрэнд багтаагаад хэрхэн бусдад ярьж тайлбарлаж сурах талаар бизнес моделийн аргачлалыг мэдэж авлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Төслийн дараагийн үе шатанд сургалтад оролцогчдоос бичиж ирүүлсэн 120 төслөөс 25 төслийг сонгон шалгаруулж, бизнесийн тэтгэлэг олгоно.