Нийтэлсэн өдөр: 2022.11.02, лхагва
Сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилгоор Сар бүрийн 3-ны өдрийг ”Цусаа бэлэглэх өдөр”-болгон үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн. Энэхүү өдрийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөтөлбөр хамтран 92 дахь удаагийн “Цусаа бэлэглэх өдөр”- арга хэмжээг зохион байгуулж, доноруудаа алдаршуулав.
Энэ үеэр 100 буюу түүнээс дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн “Хүндэт донор” П.Одмаа, Н.Алтантуяа, Р.Энхчимэг, П.Батболд нарыг Улаанбаатар хотын "Хүндэт тэмдэг"-ээр, Хүрэл донор Ч.Гантулга, С.Соддэлгэр, С.Хүрэлбаатар нарыг Улаанбаатар хотын "Нийслэлийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр, Хүндэт донор Б.Өнөрцэцэг, Н.Батцэрэн нарыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн "Жуух бичиг"-ээр шагнаж алдаршуулсан юм. Мөн 70-аас дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн бэлэглэсэн Хүндэт донор Э.Чимэдцэрэнг "Хүрэл донор"-оор Д.Энхбаяр, Х.Даваасамбуу нарыг "Бахархал 50" тэмдгээр, цусны донор Х.Энхсүрэнг "Бахархал 30" тэмдгээр, “Бахархал 10” тэмдгээр Д. Алтан- Очир, Б. Жаргалмаа, Г. Очмаа нарыг шагнаж урамшууллаа.
Үйл ажиллагааны үеэр Монголын улаан загалмай нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран цусны донорын мэдээллийн аюулгүйн байдлыг хангах зорилгоор хийсэн “Цусны донор” аппликейшинийг доноруудад танилцуулав.