Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
2014 оны 10 дугаар сарын 15-ныг Дэлхийн гар угаах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ жилийн уриа нь “The power is in your hands" буюу “ Эрх мэдэл таны гарт байна”. Үүнийг халдварт болон суулгалт өвчин тусахгүй байх эрх мэдэл таны өөрийн тань гарт бий гэж ойлгож болох юм.
Энэхүү өдрийг 2008 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа юм. НҮБ-ын мэдээлэлд дурьдсанаар өдөр тутамд таваас доош насны 1400 хүүхэд бохир гараас шалтгаалах суулгалт өвчнөөр нас барж байна. Гараа зөв, савандаж угааснаар олон мянган хүүхэд амь насаа хамгаалж чадах билээ. Хоол идэхийн өмнө болон бие зассаны дараа гараа зөв угаахыг хэвшүүлж, суулгалт өвчний тохиолдлыг бууруулах нь дэлхий нийтийн нэн тэргүүний зорилтуудын нэг юм.
Дэлхийн гар угаах өдөр нь суулгалт өвчнөөс сэргийлэн нас баралтын тоог бууруулах хамгийн үр дүнтэй, хэмнэлттэй арга болох гараа зөв угаах дадлыг олон нийт, тэр дундаа бага насны хүүхэд багачуудад сургахын ач холбогдлыг сурталчилдаг юм.
МУЗН нь энэхүү өдрийн хүрээнд гараа савангаар хөөсрүүлэн зөв угаах чиглэлийн сургалт, сурталчилгааг эх орон даяар явуулах юм.
Хүмүүнлэгийн үйлсийн төлөө хамтдаа.