Орхон аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулилт болж байна

Нийтэлсэн өдөр: 2022.10.07, баасан


Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Орхон аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд мэдлэг олгох танхимын сургалт зохион байгуулагдаж байна. Энэхүү  дадлага сургуулилт нь Монгол Улсын Шадар сайд, Орхон аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтаж 2022 оны 10 дугаар сарын 01-09-ний өдрүүдэд болж байна.

Сургалтыг ОБЕГ, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газруудын холбогдох мэргэжилтнүүд удирдан явуулж, газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, эрсдэлийг бууруулах арга зам, ахуйн гал түймрийн аюулгүй байдал, хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдэл сэдвээр мэдээлэл өгөх, команд штабын дадлага сургуулилтаар үргэлжилж байна.

Дадлага сургуулилтад аймгийн 43 байгууллагын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн ажилтан, алба хаагч хамрагдаж байна. Монголын улаан загалмай нийгэмлэгийн Орхон аймгийн Дунд шатны Улаан загалмайн хорооны бие бүрэлдэхүүн Хангалтын багт үүрэг гүйцэтгэж байна.