Нийтэлсэн өдөр: 2022.09.27, мягмар
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дүрэм, Стратеги-2030, 2022 онд байгуулсан МУЗН, ОБЕГ-ын хамтран ажиллах гэрээ зэрэг баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий “Сайн дурын бүлэг”-ийг сургах “Сургагч багш бэлтгэх” сургалт 2022 оны 09 дүгээр сарын 26-29-ны өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд болж байна.
Сургалтад 9 аймгийн 23 сумын сайн дурын идэвхтэн, сумын насан туршийн боловсролын багш, олон нийтийн төлөөлөл, арга зүйч зэрэг 50 хүн хамрагдаж байна. Сургалтаар заах арга зүй, анхны тусламж, гамшиг, аюул, эмзэг байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулахад хэрхэн хувь нэмрээ оруулах чиглэлээр мэдээлэл өгч, багийн дадлага ажил зэргийг чиглүүлэн зохион байгуулж байна.
Сургалтын ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хариуцсан Ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Хадбаатар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын ажилтан П.Амарзаяа, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын ажилтан Ч.Нямхүү нар чиглүүлэн ажиллаж байна.
Сургалтад хамрагдсан сайн дурын идэвхтнүүд олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх сургагч багштай болох, гамшиг, ослын үед улаан загалмайн Дунд шатны хороо, Онцгой байдлын газрын үйл ажиллагааг дэмжин ажиллах чадавх бүхий тус бүр 15 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын бүлгийг байгуулж, нийт 345 сайн дурын идэвхтнийг сургаж, дадлагажуулах юм.