“Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” чуулганд 280 гаруй хүүхэд, залуус оролцож байна

Нийтэлсэн өдөр: 2022.08.23, мягмар

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, "Оюу толгой" ХХК, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хамтран "Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд залуучууд" олон улсын чуулганыг 2022 оны 08 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.  "Уур амьсгалын өөрчлөлт ба Хүүхэд, залуучууд" чуулганыг нээж, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү чуулганд оролцогч нийт хүүхэд залуусд амжилт хүсээд, МУ-ын Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж танилцуулав.

Анх удаа зохион байгуулагдаж буй тус чуулганд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Akcель Никэйз, НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Хүүхэд залуучуудын элч төлөөлөгч Жаяадма Викраманаяак, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцож, чуулганд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүссэн юм.

 Чуулганд нийт 280 гаруй хүүхэд оролцож байгаа бөгөөд Ховд, Хэнтий, Булган, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь, Орхон, Дархан-Уул аймаг, АНУ, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Бангладеш, Малайз, Филиппин зэрэг улсаас  хүүхэд, залуучуудын төлөөлөл хүрэлцэн ирж, оролцож байна.   

"Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд залуучууд" олон улсын чуулганд оролцож буй хүүхэд залуус “Дэлхийн дулаарал болон хүлэмжийн хийн ялгарал”, “Цөлжилт ба ган”, “Байгалийн гамшигт үзэгдлүүд”, “Усны хомсдол”, “Орчны бохирдол” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж, тухайн сэдвүүдийн хүрээнд мэдлэг мэдээллээ түгээх, шинэлэг санал санаачилга, сайн туршлагаа танилцуулах зэргээр харилцан саналаа солилцсон юм.