Уур амьсгалын өөрчлөлтийн хариу ажиллагааг нийгмийн оролцоотойгоор хүртээмжтэй болгоно

Нийтэлсэн өдөр: 2022.07.07, пүрэв


Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Улаан загалмай нийгэмлэг болон Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед иргэний нийгмийн оролцоотойгоор эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах нь” олон улсын бага хурлыг 2022 оны 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Хурлын гол зорилго нь Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, дасан зохицох бодлого, санхүүжилтийг иргэний нийгмийн оролцоотойгоор хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулахад чиглэж байлаа. Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх явцад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах нь чухал. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө нь шударга, тэгш зарчимтай хэрэгжихэд анхаарч, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавх руу шилжих үйл явцыг илүү тэгш, хүртээмжтэй болгоход буюу “Шударга шилжилт”-д хувь нэмрээ оруулахад чиглэв.

Хурлын сэдэвчилсэн хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ус цаг уур, орчны судалгааны мэдээллийн хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэнгийн төлөөлөл цаг уурын өөрчлөлтийн эрүүл мэнд, амьжиргаанд үзүүлэх нөлөө, уур амьсгалын санхүүжилт ба орон нутгийн түвшинд дасан зохицох үйл ажиллагаа, орон нутгийн санаачлагатай цаг уурын өөрчлөлттэй холбогдох арга хэмжээ, дасан зохицох үйл ажиллагаа болон Монгол улс дахь эрт хариу арга хэмжээг өргөжүүлэх нь зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэлээ.


Оролцогчдын байр суурийг хүргэвэл:

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа: Бид уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед амьдарч байна. Дэлхийн хүн амын 85 хувьд цаг уурын өөрчлөлт ямар нэг байдлаар нөлөөлж байна. Хэрвээ бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээгээ эрчимжүүлэхгүй бол 2030 он гэхэд дунд болон томоохон хэмжээний байгалийн гамшигт үзэгдэл өдөр бүр тохиолдох судалгаа гарчээ. Бидний энд цугласан явдал нь Монгол Улсад цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл, эрч хүч дүүрэн байгааг илтгэж байна.  


Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Бүсийн дарга Ольга Жумаева: Нийслэлийн бүсэд үер усны аюул нэмэгдэж байгаа. Үүнд, гэр хорооллын айл өрхүүд илүү өртөж байгаа талаарх судалгаа бий. Улмаар хохирсон иргэд эргээд тусламж үйлчилгээ авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын иргэд гамшгаас үүдэлтэй дарамтад амьдарч байна гэсэн үг. Энэ үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох нь чухал. Уур амьсгалын өөрчлөлт нь өөрөө сөрөг тойргийг бий болгож байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амьжиргааны түвшин буурч, хүндээр өвчилсөн хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаггүй. Ингэж явах боломж ч ховор. Улмаар эрүүл мэндээр хохирч байна. Уур амьсгалын өөрчлөлт иргэдийн эрүүл мэнд болон амьжиргааны түвшинд ямар эмзэг байдлыг бий болгоод байна вэ гэдгийг анзаарах хэрэгтэй.


Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам: Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт нэгдэн орсон. Үүний хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилттой байна. Тодруулбал, 16.8 сая тонн хүлэмжийн хийг бууруулах зорилттой ажиллаж байгаа.Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал. Монгол орны сүүлийн 70 жилийн агаарын дундаж температур 2.14 Цельсээр дулаарсан байна. Мөн нийт газар нутгийн 90 орчим хувь нь хуурай болон хагас хуурай газрын эмзэг эко системээс бүрддэг. Нийт газар нутгийн 78.2 хувь нь дунд ба түүнээс дээш эрчимтэй цөлжилтөд өртжээ. Одоогоор гангийн давтамж жилд хоёр хувиар нэмэгдэж байгаа бол 2045-2060 оны үед ган гачгийн давтамж 10-25 хувиар нэмэгдэх эрсдэлтэй байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2020 оны усны тооллогоор 116 гол, 381 горхи, 180 нуур ширгэжээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: Монголын уур амьсгал судлаачид агаарын температур олон жилийн дунджаас 2.2-2.7 градусаар дулаарсан талаар ярьж байна. Өвлийн тунадас нэмэгдэж, зуны тунадас тодорхой хэмжээгээр буурсан тухай үр дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын систем тогтворгүй болчихлоо гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор байгаль цаг уурт ажиглагддаг уур амьсгалын аюултай үзэгдлүүдийн давтамж нь нэмэгдэж байна. Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл дотроос хамгийн их давтамжтай байгаа нь зуны хур тунадасны эрчим. Үер ус болох гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа гэсэн үг. Өвлийн улиралд зарим газар бүсчилсэн зуд болох, хүчтэй цасан шуурга шуурах үзэгдэл болж байна.  


Говь-Алтай аймгийн Тонхил сумын малчин Р.Хишигмаа: Монгол орон жилийн дөрвөн улиралтай байсан бол одоо хоёр улиралтай шахуу болоод байна. Малын бэлчээрийн даац хэтрээд өвс ургамал ховордсон. Үндэс байхгүй, цөлжилт маягийн болчхоод байга Мал сүргээ тарга тэвээрэгтэй байлгахын тулд малчид маш их отор нүүдэл хийж байна. Нутгаа сэлгэхгүй бол малын тарга хүч нэмэгдэхгүй. Отор нүүдлээр голчилж малынхаа тарга тэвээргийг авч байна гэсэн үг. Ерөнхийдөө малынхаа тоо толгойг багасгаад чанарыг сайжруулах нь маш чухал. Малчид чанартай хэдэн малтай болж, байгаль орчноо хамгаалах ёстой болов уу. Тоо биш чанар чухал.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Цаг уур, даван туулах чадавх хариуцсан стратегийн түвшний ахлах зөвлөх Франческо Иани: Олон талын мэргэжилтэн, малчид, тариаланчид болоод төрийн байгууллага, судлаачид мэдлэг, туршлагаа хуваалцах нь энэ удаагийн хурлын үндсэн зорилго байлаа. Монголчуудад цаг уурын нөлөөлөл яаж мэдрэгдэж байгааг хэлэлцэж, бодитой арга хэмжээг тодорхойлохыг зорилоо. Монгол Улс цаг уурын өөрчлөлтийн нөлөөнд ноцтой өртөж байгаа орнуудын нэг. Газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн нь үүнийг батална. Бидний гаргасан судалгаагаар одоо авч байгаа арга хэмжээгээ эрчимжүүлэхгүй бол энэ байдал цаашид улам дордох, доройтсон газар нутгийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй. Монгол Улсын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр олон үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Үүн дээр иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлснээр хариу арга хэмжээ илүү хүртээмжтэй болно. 



Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын ажилтан Ч.Нямхүү: Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хур тунадас багасах, мөнх цэвдэг хайлах, усны нөөц багасах, бэлчээр доройтох гэсэн нөлөөлөлд бид автаж байна. Эдгээр нөлөөллийг зогсоож чадахгүй учир саармагжуулах, дасан зохицох сонголт бий. Тиймээс цаг уурын нөлөөллөөс хамааралгүй илүү тэсвэртэй амьжиргааг бий болгох, малын чанарыг сайжруулах, хашаа, саравчаа бат бөх болгох гэсэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг таниулах чиглэлд анхаарч байна. Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулахад хүн бүрийн хамтын оролцоо чухал. Нэг ч гэсэн хүн автомашин унахаа болих, шаардлагагүй үед гэрлээ унтраах, хог хаягдлаа дахин боловсруулах нь эх дэлхийн ирээдүйн төлөө оруулж байгаа бидний том хувь нэмэр юм” гэв.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын малчин Б.Мөнхбаатар: Манай суманд зундаа гандуу, халуун, өвөлдөө хүйтэн байдаг. Хэт халснаас болж сүүлийн 2 жил манай сумын гол горхи ширгэж, ус татарч байгаа. Үүнийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө гэж боддог. Үүнийг даван туулах, дасан зохицохын тулд хадлан тэжээл, хужир шүүгээ сайн бэлтгэн өвлийг өнтэй давахад анхаарах нь чухал гэдгийг ойлгож авлаа.