1000 хүүхэд “Хүмүүнлэг зүрх” флашмоб бүжиглэлээ

Нийтэлсэн өдөр: 2022.05.08, ням

Монголын улаан загалмай нийгэмлэгээс  Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголын хүмүүнлэгийн өдөрт зориулсан “Хүмүүнлэг Зүрх” өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо. Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг 1948 оноос эхлэн Дэлхий даяар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэж, хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархалаа илэрхийлэх өдөр болгон өнгөрүүлдэг. Энэ өдрийг Монгол Улсын Засгийн газар 2011 онд Монголын Хүмүүнлэгийн өдөр болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулж байна.

Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Хүмүүнлэг зүрх” уриатайгаар Монгол орны өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлж, олон нийтийн дунд хүнлэг, энэрэнгүй үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хүн бүхний хүмүүнлэг, гэгээлэг зүрх сэтгэлийг бадрааж, бие биедээ хайр энэрлийг түгээхийг уриалав.

Энэ жилийн Хүмүүнлэгийн өдрийн онцлог нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн брэнд дуу болох “Сахиусан тэнгэр” дуун дээр бүжиг дэглэж, орон даяар флашмоб бүжгийн чэлленжийг зарлаж, бүжгийг Moon dance бүжгийн клуб, Royal dance бүжгийн хамтлаг дэглэж, хамтран оролцлоо.  

Энэхүү арга хэмжээний үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааг сурталчилсан “Мэдээллийн асар”, гишүүд, сайн дурын идэвхтнийг элсүүлэх “Бүртгэлийн асар”, Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих “Хүмүүнлэгийн дэлгүүр” хандивын асар, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх “Эрүүл мэндийн асар”, Гамшгийн бэлэн байдал, гар угаахын ач холбогдлыг харуулсан “Virtual reality” тоглоомын асар, Анхны тусламжийн мэдлэг, мэдээлэл олгох өртөө болон хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа өнгөрөөх, мэдлэгээ дээшлүүлэх боломж олгосон өртөөчилсөн үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

“Хүмүүнлэг зүрх” үйл ажиллагаанд Moon dance болон Royal dance бүжгийн хамтлаг, “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид нэгдэхийн сацуу нийслэлийн 7 дүүргийн 1000 сайн дурын идэвхтэн нэгэн дор цуглаж, Сүхбаатарын талбайд “Сахиусан тэнгэр” флашмоб бүжгийг бүжиглэж, нийслэл хотод урин дулаан цагтай хамт инээд баясал, баяр хөөр дүүрэн нэг өдрийгхамт өнгөрүүллээ. 

“Хүмүүнлэг зүрх” арга хэмжээг “Айсмарк” ХХК, “Монос косметик” ХХК-ийн “Санитас” брэнд дэмжин хамтран ажиллав.

Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан Та бүхэнд баярлалаа.