“Цэвэр агаар-Эрүүл инээмсэглэл” уриатай зорилтот бүлгийн 1000 хүүхдийн цасны баяр боллоо

Нийтэлсэн өдөр: 2022.02.24, пүрэв


“ЦЭВЭР АГААР–ЭРҮҮЛ ИНЭЭМСЭГЛЭЛ” уриатай зорилтот бүлгийн 1000 хүүхдийн цасны баяр амжилттай болж өндөрлөлөө. Тодруулбал, Скай резорт цанын бааз, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хѳтѳлбѳр хамтын ажиллагааны хүрээнд зорилтот бүлгийн хүүхэд багачуудыг сноубоард, чарга, уулын болон гүйлтийн цанаар үнэ төлбөргүй тоглох боломжоор хангаж хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын уур амьсгалыг бий болгох, бие бялдрыг чийрэгжүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх нэг өдрийг цэвэр агаарт хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөх зорилгоор энэхүү цасны баярыг 2022 оны 2 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулав.

Цасны баярт нийслэлийн 8 дүүргийн амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой зорилтот бүлгийн 720, асрамж халамжийн төвийн 280 нийт 1000 хүүхэд хамрагдлаа.  Энэхүү үйл ажиллагааг Скай резорт цанын бааз ивээн тэтгэн, “Tous Les Jours” болон “Милко” ХХК нь өдрийн хөнгөн цайгаар дэмжиж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилласан юм. 

Энэхүү цасны баяр нь Скай резорт цанын бааз, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хѳтѳлбѳр хамтын ажиллагааны хүрээнд 2018 оноос хойш зорилтот бүлгийн, тусгай сургуулийн, асрамж, халамжийн тѳвийн 3600 хүүхэд багачуудыг үнэгүй төлбөргүй тоглуулж ирсэн уламжлалт үйл ажиллагаа юм.