Нийтэлсэн өдөр: 2022.02.13, ням
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ажилтан, эцэг эхийн зөвлөлийн төлөөллийг хамруулсан “Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн оролцоо, дэмжлэг” сэдэвт сургалт эхэллээ. Cургалтын нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын Ахлах зөвлөх М.Батдэлгэр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нар хүрэлцэн ирж, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа цахимаар мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв. Сургалтад Баянзүрх дүүргийн 60 гаруй сургууль, цэцэрлэг, эцэг эхийн төлөөлөл оролцсон бөгөөд цаашид 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн улсын болон хувийн хэвшлийн бүх ЕБС, цэцэрлэгүүдийн ажилтан, албан хаагч, эцэг эхийн зөвлөлийн гишүүд цахим хэлбэрээр хамрагдана. Сургалтын зорилго нь КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх, цар тахлын үед хүүхдийнхээ эрүүл мэнд, дархлааг дэмжих эцэг, эхчүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа дахь тэдний дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэхэд орших юм. Улсын болон хувийн хэвшлийн бүх ЕБС, цэцэрлэгүүдийн ажилтан, албан хаагч, эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл энэхүү сургалтад хамрагдсанаар ЕБС, цэцэрлэгүүдийн ажилтан, албан хаагч, эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл Коронавируст цар тахлын үеийн халдвар хамгаалал ба эцэг эхийн оролцооны талаар мэдлэг, мэдээлэлтэй болж, сургалт, сурталчилгаа хийх чадвартай болох, Коронавируст цар тахлын үеийн ЕБС, цэцэрлэгүүдийн халдвар хамгаалал, эрүүл ахуй сайжирч, сурагчид, хүүхдүүдийн боловсрол, тэдгээрийн халдвар хамгаалал, эрүүл мэндийн талаарх эцэг, эхийн оролцоо нэмэгдэх чухал ач холбогдолтой.
Сургалтад хамрагдсан оролцогчид аймаг, дүүргийн сургууль, цэцэрлэгт сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ түгээж нийт 7100 хүнд хүрч ажиллана.