Нийтэлсэн өдөр: 2022.01.26, лхагва
Коронавируст халдварт цар тахлын нийгэм эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн амьжиргааг дэмжих, хариу арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой “Монгол Улс дахь Ковид-19 цар тахал болон халдварт өвчний бэлэн байдал" сэдэвт олон улсын цахим уулзалтыг Эрүүл мэндийн яам, Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яам, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран зохион байгууллаа.
Хурлыг нээж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Бээжин дэх Зүүн Азийн төлөөлөгчийн газрын дарга Олга Жумаева, Монголын улаан загалмай нийгэмлэг Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар үг хэлэв.
Хуралд Бээжин дэх 40 гаруй улсын Элчин яам, Олон Улсын байгууллага, Үндэсний нийгэмлэгүүдийн төлөөлөл, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, Дэлхийн Банк, Щвейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчид оролцсон юм.
Хурлаар коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар танилцуулж, мэдээлэл өгсөн юм. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин коронавируст халдварт цар тахлын хариу арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцуулав.