Нийтэлсэн өдөр: 2022.01.17, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэй “Коронавируст цар тахлын хариу арга хэмжээ” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн 1000 өрхөд тус бүр 240,000 төгрөгийн бэлэг мөнгөний тусламж үзүүлэх ажил зохион байгуулж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргээс сонгогдсон зорилтот бүлгийн 200 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүллээ.
Энэхүү үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын ахлах ажилтан А.Мөнхтуул, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Д.Жавзмаа болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Бэлэн мөнгийг иргэдийн нэрийн дансанд байршуулж, ийнхүү батламж гардууллаа. “Коронавируст цар тахлын хариу арга хэмжээ” хөтөлбөрийн нь цар тахлын үеийн нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа тусламж юм. Тусламжид хамрагдсан айл өрхийг амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой өрх, өрх толгойлсон эцэг, эх, 60 дээш насны харж хандах хүнгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй айл өрх, хөхүүл болон жирэмсэн эх гэсэн шалгуураар сонгож тусламж өгчээ.