Коронавируст халдвараар өвдсөн хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчид нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэв

Нийтэлсэн өдөр: 2022.01.13, пүрэв


НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн хэрэгжүүлж буй коронавируст халдвараар өвдсөн хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчид “Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” төслийн Сайн дурын идэвхтнүүдийн сургалт зохион байгуулж, хяналт үнэлгээ хийлээ. Сургалтыг Төв, Говь-Алтай аймагт зохион байгуулж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Захиргаа, хяналт үнэлгээ, тайлагналт хариуцсан багийн ахлагч Ч.Ундрам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хөтөлбөрийн ахлах ажилтан А.Мөнхтуул нар чиглүүлэн ажилласан юм. Сургалтыг сайн дурын идэвхтний тухай, сайн дурын идэвхтний ёс зүй, хандлагын тухай ойлголт, үйлчлүүлэгч, асран хамгаалагч сайн дурын идэвхтний хоорондын харилцаа, хүүхдэд хэрхэн нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, гамшиг, халдварт өвчний үе дэх хүүхэд, гэр бүлийн сэтгэлзүй, стресс, стресстэй хүнтэй хэрхэн харьцах, хүүхдийн сэтгэл зүйн онцлог гэж юу вэ?  зэрэг сэдвээр зохион байгуулав.

Энэхүү сургалтанд давтан хамрагдсан сайн дурын идэвхтнүүд төсөлд хамрагдсан 100 хүүхдүүдийн гэрээр очиж сэтгэл зүйн хувьд дэмжлэг үзүүлж, ярилцах, тоглох, хүүхэдтэй уулзах, утсаар ярих, зөвлөгөө өгөх нийгэмшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн энэ үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай хамтран төсөлд сонгогдсон хүүхдүүдэд Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэг, Монголын улаан загалмай нийгэмлэгийн үүсэл хөгжил, танилцуулга, Хүүхэд хамгааллын тухай ойлголт, Сэтгэл хөдлөлөө эерэгээр зохицуулах нь, коронавируст халдварын дараах эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл, Үе тэнгийнхний дарамт сэдэвт сургалтуудыг зохион байгуулж, үлгэрийн ном, буддаг ном, өнгийн харандаа, оюун ухаан хөгжүүлэх тоглоом өгч,  нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлсэн байна.