Эрүүл мэндийн яаманд 50,000 ширхэг PCR оношлуур хандивлалаа

Нийтэлсэн өдөр: 2022.01.12, лхагва


БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгээр Монголын улаан загалмай нийгэмлэг Эрүүл мэндийн яаманд 658 сая төгрөгийн үнэ бүхий 50,000 ширхэг PCR оношлуур хандивлав. Энэхүү PCR оношлуур хандивлах арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин нар оролцлоо.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг энэ үеэр “Коронавируст халдварт цар тахлыг хохирол багатай даван туулахад эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх чиглэлээр Монголын улаан загалмай нийгэмлэг Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажиллаж ирсэн. Үүний нэг тод жишээ нь өнөөдөр хандивлаж буй 50,000 ширхэг PCR оношлуур юм. Омикрон хувилбарын давалгаа эрчимжиж буй энэ цаг үед 50,000 ширхэг PCR оношлуур хандивласан БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Монголын улаан загалмай нийгэмлэгт талархал илэрхийлье” гэв.

Мөн энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газарт 6000 ширхэг PCR оношлуур гардуулан өгсөн юм. 

Дашрамд дуулгахад, Монголын улаан загалмай нийгэмлэг 2020-2022 онд нийт 2,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппарат, түргэн тусламжийн машин, оношлуур, ариутгал, халдваргүйжүүлэлтийн багц хандивлаж, эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлсэн байна.