Нийтэлсэн өдөр: 2022.01.01, бямба
Монголын улаан загалмай нийгэмлэгийн 2021 оны үйл ажиллагааны тойм.
- Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, сувилагч, асрагч, бусад албан хаагчдад, 21 аймгийн тусгаарлах байр, 7 аймгийн 11 хилийн боомт, Эрүүл мэндийн газар, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 799,7 сая төгрөгийн үнэ бүхий хувийн хамгаалах хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур, N95 маск, ариутгалын бодис олголоо.
- Цар тахлын үеийн хөл хорионы улмаас орлого нь буурсан, хүнсний хомсдолд орсон зорилтот бүлгийн 17,027 өрхөд хүнсний багцын дэмжлэг үзүүлэв.
- Коронавирусын халдвартай өвчтнүүдэд зориулан нэмэлтээр ор дэлгэсэн эмнэлэг, тусгаарлах байруудад 1650 ширхэг хөнжил, гудас хандивлалаа.
- НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Улаанбаатар хотын 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүд, Хавдар Судлалын Үндэсний төв, Ачтан эмнэлэг, Асрамжийн газрын тусгаарлалтад орсон 715 ажилтны ар гэрт хүнс болон ариун цэврийн багц, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 137 хүүхдэд ном, гарын авлага, шинэ жилийн бэлэг, эрүүл ахуйн багцын тусламж хүргэж, нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэв.
- Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэй “Коронавируст цар тахлын хариу арга хэмжээ” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн 1000 өрхөд 240,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүллээ.
- Эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлын үед ажиллах 1440 сайн дурын идэвхтэн бэлтгэж, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв, өрхийн эмнэлэг, тусгаарлах байр, вакцинжуулалтын цэгт ажиллаж байна.
- Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэй “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” төслийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан Зудын эрсдэлийн зурагт үндэслэн нэн өндөр эрсдэлтэй 19 аймгийн 2000 өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс, тэжээлийн багц олгосон ба нийт 5234 хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв.
- “Гамшгийн яаралтай тусламжийн сан”- гийн дэмжлэгээр цасан болон шороон шуурганд өртсөн 14 аймгийн 1000 өрхөд 240,000 төгрөгийн бэлэн мөнгө, гэр олгож нийт 1,7 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг 3634 хүнд шууд хүргэв.
- ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Коронавируст халдварын цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт онол, практикийн бага хурал зохион байгууллаа.
- Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Глобаль сангийн дэмжлэгтэй “Улаанбаатар хот дахь орон гэргүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн хүрээнд 12 удаагийн үзлэг зохион байгуулж, орон гэргүй, эмзэг бүлгийн 1394 иргэнийг хамруулж, 55 хүнийг эмчилгээнд хамруулав.
- Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны “Гамшгийн яаралтай тусламжийн сан”- гийн дэмжлэгтэйгээр үерийн гамшигт өртсөн 1,000 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, 3600 орчим хүнд хүрч ажиллалаа.
- “Хүүхэд залуучууд бид-Цар тахлыг хамтын хүчээр давна” сэдвийн хүрээнд Үндэсний зуслан цугларалтад 21 аймаг, 9 дүүргийн Өсвөрийн улаан загалмайн 200 гишүүн цахим хэлбэрээр оролцов.
- Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны “Байгууллагын хүчин чадлын үнэлгээ /OCAC/”-г 4 дахь удаагаа зохион байгуулав. Байгууллагын хүчин чадал 18.7 хувиар өсчээ.
- Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, хариу арга хэмжээнд 4,1 тэрбум төгрөгийн санхүүжилт босгож, 344,104 иргэнд хүрч ажилласан байна.
- Гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, гамшгийн дараах нөхөн сэргээх үйл ажиллагаанд 4 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж, 210,726 хүнд хүрч ажилласан байна.
- Нийгмийн халамж, оролцоог дэмжих хөтөлбөрийн хүрээнд 37,465 хүнд шууд хүрч ажиллав.
- Хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд 29,201 хүн идэвхтэй оролцсон байна.
- Нийгмийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд 344,104 хүнд шууд хүрч үйлчилсэн байна.
- Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нийт 4128 сайн дурын ажилтан идэвхтэй оролцож, хувь нэмэр оруулжээ.
- 2021 онд 19 аймаг, 6 дүүргийн Улаан загалмайн хороо 158 удаагийн цус цуглуулах өдөрлөг зохион байгуулж, 23,655 хүнд мэдээлэл сурталчилгаа хүргэж, 5110 сайн дурын авлагагүй цусны донорыг элсүүлэв.
ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИЖ, ХАМТРАН АЖИЛЛАСАН
ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.