Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн дунд шатны хороон дарга Х.Ертайтай ярилцлаа.
- Баян-Өлгий аймгийн Улаан загалмай хорооны үйл ажиллагаа ямар төвшинд байгаа талаар ярилцлагаа эхэлье?
- Манай аймгийн Улаан загалмайн хороо долоон ажилтантай. Бид үндсэн долоон зарчмын дагуу хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа явуулахад дөхөм болдог гол давуу тал маань бидний байр юм. Учир нь, Баян-Өлгий аймгийн хувьд бусад аймгийг бодвол өөрийн гэсэн хоёр давхар байртай. Тиймээс бид байрныхаа сул өрөөг түрээсэлдэг. Энэ нь хөрөнгө арвижуулах гол суурь. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг дунд шатны хороодод тулгардаг асуудал цөөнгүй. Уул хад ихтэй, алслагдмал, унаагүй зэргээс болж анхан шатны хороонд хүрч ажиллаж чадахгүй байх тохиолдол бий. 2010 онд хэрэгжсэн “Халамж” төслийн хүрээнд бид унаатай болсон нь ажлаа хэвийн явуулахад тус дөхөм болж байгаа.
- Таны хувьд дунд шатны хорооны даргаар хэдий хугацаанд ажилласан бэ. Энэ ажлыг хүлээн авснаас хойш ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаар танилцуулна уу?
- Миний хувьд 2010 онд ажлаа хүлээн авсан. Ажлаа авах үед манай байгууллага 10 орчим сая төгрөгийн өртэй нэлээд хүнд байдалд байсан. Тиймээс эхний нэг жилд өр дарах чиглэлээр түлхүү үйл ажиллагаа явуулж, хөтөлбөртөө анхаарсан. Харин дараагийн жилүүдэд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж, үйл ажиллагаагаа жигдрүүлсэн.
-Баян-Өлгий аймгийн хүн ам хэд вэ?
-Манайх хүн амын тоо ихтэй аймгуудын нэг. 100 гаруй мянган хүн амтай. Тэдний 93 орчим хувь нь казах, үлдсэн хувь нь урианхай, дөрвөд хүмүүс юм. Манай аймаг 13 сум, нэг тосгонтой. Хүн амын дийлэнх нь казах хэлээр ярьдаг. Тиймээс МУЗН-ийн долоон зарчим, гарын авлагыг ойлгохгүй тал бий. Тэр хүмүүст ойлгуулах үүднээс гарын авлага болон шаардлагатай зарим зүйлийг казах хэлээр хэвлүүлэн гаргадаг. Тухайлбал, 2011 онд “Өсвөрийн улаан загалмайч” гарын авлагаа казах хэл дээр хэвлүүлж, ерөнхий боловсролын зарим сургуульд тараасан. Энэ ажил үр дүнгээ өгч, өсвөрийн насныхан Улаан загалмайн үйл ажиллагааг уншиж, сонирхож буй нь ажиглагдсан. Бид цаашид ч энэ чиглэлээ баримталж ажиллана. Хөдөө орон нутгийн малчид монгол хэлээр ойлгохдоо тааруу. Тиймээс “Нигүүлсэл” сэтгүүлийн захиалга бусад аймгийн дунд шатны хороотой харьцуулахад цөөн байна. Тэгэхээр сэтгүүлийнхээ редакцид улиралд нэг удаа казах хэлээр хавсралттай гаргах талаар санал тавихаар төлөвлөж байгаа.
- Дунд шатны хороонд ажилладаг долоон ажилтан иргэддээ хүрч ажиллаж чадаж байна уу?
- Орон нутгийн алс сумын иргэн бүрт хүрч ажиллана гэдэг хэцүү. Харин аймгийн төвд хүн амын дийлэнхи буюу 36 мянга хүн төвлөрсөн байдаг. Энэ хүмүүстэй харьцангуй ойр ажилладаг.
- Сайн дурын идэвхтэн хэр олон байдаг вэ?
- Аймгийн хэмжээнд нийтдээ 150 гаруй сайн дурын идэвхтэн байгаа. Хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн сайн дурын идэвхтэн бэлтгэсэн. Тэд нийгэм сэтгэлзүйн дэмжлэг, гэрийн асаргаа, сувилгаа хийж чаддаг. МУЗН-ээс зарласан хоёр сарын аяны хүрээнд бид хөдөө орон нутгаас сайн дурын идэвхтэн элсүүлэх кампанит ажил явуулж байгаа.
- Та дунд шатны хороодод үнэлгээ өгөх сургалтад хамрагдахаар ирсэн. Энэхүү үнэлгээний ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
- МУЗН-ийн 13 дугаар их хурлын дараа дунд шатны хороодын бүх дарга нарт зориулж, томоохон сургалт, семинарыг зохион байгуулсанд үнэхээр их баярлалаа. Бид хийж хэрэгжүүлж буй ажлаа илүү сайжруулж, удаан хугацаанд тогтвортой оршин тогтноход энэ удаагийн үнэлгээ өгөх сургалт чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Жишээ нь, бид үйл ажиллагааныхаа жилийн төлөвлөгөөг санхүүтэй хэрхэн уялдуулж хийх талаар сургалтаас маш их зүйлийг сурч, мэдэж авлаа. Мөн байгууллагынхаа хөгжил ямар төвшинд явааг юун дээр алдаж байгааг уг үнэлгээгээр мэдэх том боломж олдож байна. Сургалтад сууж олж мэдсэн зүйлсээ аймагтаа түргэн ажил хэрэг болгож, үнэлгээ дүгнэлтээ хийхээр яарч байна.
- Баян-Өлгий аймгийн дунд шатны хороо хөрөнгө арвижуулах чиглэлээр цаашид ямар ажил хэрэгжүүлэх вэ?
- МУЗН-ийн аргазүйчид орон нутгаас ирсэн бидэнд зориулж хөрөнгө арвижуулах чиглэлээр үнэ цэнэтэй, шинэлэг сургалтыг явуулсан. Бид өөрсдийн харьяа аймагт очоод зөвхөн хүмүүнлэгийн ажил бус тодорхой хэмжээнд мөнгө олох ажлуудыг хийнэ. Жишээ нь, бизнес эрхлэгчид, малчид, хандивлагч нарын уулзалт зохион байгуулж болно. Хоёрдугаарт, хорооныхоо байрны зарим өрөөг түрээсэлж мөнгө олох боломжтой. Мөн гар урлал зэрэг жижиг үйлдвэрлэл эрхлэн түүнээс мөнгө олж болно. Казах бүсгүйчүүд гарын дүйтэй, оёж хатгахдаа уран учраас үндэснийхээ онцлогт тааруулж, хатгамлын чиглэлээр цех ажиллуулах зэрэг нь хөрөнгө арвижуулахад түлхэц болно гэж бодож байгаа. Энэ мэт бодсон ажил цөөнгүй бий.
- Танай аймагт хэр олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн бэ. Хамгийн үр өгөөжтэй буюу олон хүнийг хамарсан ямар төсөл байна вэ?
- Баян-Өлгий аймагт 2009-2012 оны хооронд гурван жилийн турш халамжийн тусламж, үйлчилгээг нэн эмзэг бүлэгт хүргэх Финляндын санхүүжилттэй төсөл хэрэгжсэн. Энэ төслийн хүрээнд манай улаан загалмайн хороо мэргэжлийн идэвхтнүүд болон сургагч багш нарыг бэлтгэсэн. Мөн халамжийн өргөөтэй болсон гээд олон ажил хийлээ. 2002 оны үед хэрэгжсэн Хадлангийн төслийн хүрээнд манай аймаг өвс пресслэгч машинтай болсон. Түүнийг түрээсэлж хөрөнгө арвижуулах ажил өрнүүлж байсан юм билээ. Төсөл хөтөлбөрийн хүрээнд манай хороо унах машинтай болсон. Хүчин чадлаа бэхжүүлж, өнөөдрийн төвшинд хүрэхэд эдгээр төслийн үр дүн чухал нөлөө үзүүлсэн.
- Цаашид ямар чиглэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлээсэй гэж бодож байна вэ?
- Ус болон ариун цэврийн өрөөтэй холбоотой асуудал манай аймагт тулгамдаж байгаа зүйлсийн нэг. Судалгаагаар манай аймаг усны бохирдол өндөртэй гарсан. Тэгэхээр усны чиглэлийн төсөл хэрэгжүүлээсэй. Мөн гамшгийн чиглэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд үр дүнтэй болно. Манай аймаг уулархаг нутагтай. Сүүлийн жилүүдэд төрөл бүрийн гамшгийн давтамж болон малын гоц халдварт өвчин нэлээд тохиолдож байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр төсөл хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй байх болов уу.