Алекс Торрис: Дунд шатны хороодод үнэлгээ хийснээр үйл ажиллагаа нь илүү сайжирна

Нийтэлсэн өдөр: 2014.09.10, лхагва

Олон улсын Улаан загалмай холбооны байгууллага болон сайн дурын идэвхтнүүдийн хөгжлийг дэмжих мэргэжилтэн Алекс Торристой ярилцлаа.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

- Монголын Улаан Загалмай нийгэмлэгтэй хэдий хугацаанд хамтарч ажиллаж байна вэ. Энэ удаа ямар зорилгоор ирсэн бэ?

- МУЗН-тэй нэлээд олон жилийн турш хамтран ажиллаж байна. Энэ удаад дунд шатны хороодын дарга нарыг сургалтад бэлтгэх зорилгоор гурав дахь удаагаа ирлээ. Энэхүү сургалт олон сэдвийн хүрээнд явагдаж буйгаараа онцлогтой. Тухайлбал, МУЗН-ийн бүх салбар, хороодын бүтэн жилийн төсвийг хэрхэн зөв бодох аргыг заасан. Мөн хөрөнгө арвижуулж, орлого нэмэгдүүлэх талаар сургалт зохион байгууллаа. Саяхан болсон МУЗН-ийн үндэсний чуулганаар шинэ дүрэм батлагдсан. Уг дүрмийг дунд шатны хороод үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж буйг мөн цаашид хэрхэн баримталж ажиллах талаар мэдээлэл өгсөн. Эдгээр болон бусад ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Ер нь МУЗН аливаа нэг том ажлын ард гарахдаа олон улсын Улаан загалмай холбоо, Улаан хавирган сар нийгэмлэгтэй байнга хамтран ажилладаг.

 

-Дунд шатны хороодын дарга нарыг хэрхэн сургаж байна вэ?

-Дунд шатны хороодын дарга нарыг Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны байранд ирж сургалтад хамруулсан. Энэ нь МУЗН-ийн дунд шатны хороодод хэрхэн яаж үнэлэх, дэмжлэг үзүүлэхэд чухал нөлөөтэй, практик үйл ажиллагаа болохуйц сургалт юм. Цаашид МУЗН-ийн дунд шатны хороодод яаж дэмжлэг үзүүлэх, тэдний үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээл зэргийг тогтооход маш их нөлөөлнө. Үүний тулд бид Сонгинохайрхан дүүрэг дэх хорооны байранд орон нутаг болон нийслэлийн төлөөлөл болсон дөрвөн хүнд сургалтыг зохион байгууллаа. Тэд өөрсдийн харьяа орон нутаг болон дүүргийнхээ дунд шатны хороодын цаашдын үйл ажиллагаанд үнэлгээ хийнэ.

 

- Үнэлгээний асуултыг хэрхэн боловсруулдаг юм бол?

- Олон улсын Улаан загалмай холбоо, Улаан загалмай хорооноос гаргасан дэлхий даяар ашигладаг 32 асуулт байдаг. Дунд шатны хороодын үйл ажиллагааг үнэлэх эдгээр асуултыг боловсруулахдаа бид Африк дахь нийгэмлэг хороодод туршилт хийж, ихээхэн судалгаа явуулсны үр дүнд эцсийн байдлаар гаргасан. Дэлхий даяар тархан үйл ажиллагаа явуулж байгаа бүх нийгэмлэг энэхүү 32 асуултын дагуу дунд шатны хороодын үйл ажиллагааг үнэлдэг.

 

- Энэ төрлийн үнэлгээ манай улсад анх удаа явагдаж байна уу?

- Үнэлгээний энэ систем Африк тивийн зарим улс болон бүсэд ашиглагдаж байгаа. Харин Ази номхон далайн бүсийн хувьд анхны удаа шинэ төрлийн үнэлгээг Монголд туршиж үзэж байна. Энэхүү үнэлгээ нь тогтолцооны төвшинд яригдах томоохон асуудлын нэг жижиг хэсэг юм.

 

- Орон нутгийн дунд шатны хороодын үнэлгээг хэрхэн хийх вэ. Үнэлгээний үр дүн хэдий хугацааны дараа гарах вэ?

- Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 33 дунд шатны хорооны дарга нар бүгд ирцгээж, гурван өдрийн турш сургалтад хамрагдсан. Сургалтын явцад тэд бүлэгт хуваагдаж, нийслэлийн дунд шатны хороодоор хамт явж үнэлгээ хийх үйл явцтай танилцаж байгаа. Ингэснээр хөдөө орон нутгаас ирсэн дунд шатны хороодын дарга нар өөрийн аймаг, сумын дунд шатны хороодын үнэлгээг хийхэд дөхөмтэй болно. Энэ оны 11 дүгээр сар гэхэд үнэлгээний нэгдсэн мэдээллийг гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Уг нэгдсэн мэдээлэлд түшиглэн МУЗН-ийн гамшгийн үеийн нөөц бололцоо ямар байгааг тогтоох боломжтой. Мөн удирдлагын зүгээс аль дунд шатны хороонд үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох давуу талтай.

 

- Энэ онд МУЗН шинэчлэлийн олон ажил хийж байгаа. Манай улсын дунд шатны хороод гаднын бусад орны адил төвшинд үйл ажиллагаа явуулж буй хороодтой харьцуулахад хөгжлийн ямар түвшинд явж байна вэ?

- Аливаа нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг хооронд нь харьцуулна гэдэг хэцүү зүйл. Учир нь, тухайн улсад үйл ажиллагаа явуулж буй нийгэмлэг бүрийн үзүүлэлт тэс өөр байдаг. Аль ч улс оронд дунд шатны хорооны хөгжил нэг төвшинд байдаггүй.

Харин МУЗН-ийн хувьд маш зөв замаар хөгжиж байгаа. Сүүлийн хэдэн сарын хугацаанд эрчимтэй ажиллаж, хэд хэдэн томоохон ажлыг гүйцэтгэсэн. Ялангуяа дунд шатны хороо, ерөнхий нарийн бичгийн даргын газартай уялдаа холбоотой ажиллах тал дээр нэлээд ахиц гарсан гэж үзэж байна. Цаашид бид дунд шатны хороодын төсөвт анхаарал хандуулна. Энэ жилээс ерөнхий нарийн бичгийн даргын газар тухайн хорооны жилийн төсвийг бодоход хамтран оролцож байхаар болсон. Миний ажигласнаар МУЗН-ийн өмнөх удирдлагын багтай харьцуулахад шинээр томиологдсон удирдлагын баг гаднын түншүүдтэйгээ маш сайн уялдаа холбоотой ажиллаж байна. Мөн байгууллагын хөгжлийн хувьд нэлээд анхаардаг болсон. Тухайлбал, Олон улсын Улаан загалмай холбоонд надтай хамт ажилладаг хүний нөөцийн мэргэжилтэн хүрэлцэн ирж, МУЗН хүний нөөцийн асуудалд ямар дүрмээр хэрхэн ажиллах судалгааг гаргаж, ажилчдын цалингийн системийг шинэчлэхээс эхлээд олон сэдвээр ярилцаж, зөвлөгөө өгч, үйл ажиллагааг нь илүү сайжруулахад дэмжлэг үзүүлсэн. Зөвхөн хүний нөөцөөр зогсохгүй, цаашид байгууллага болон хувь хүнийг хөгжүүлэх чиглэлээр дэмжиж, хамтарч ажиллана. Түүнчлэн МУЗН-ийн шинээр батлагдсан дүрмийн дагуу анхан болон дунд шатны хорооны даргыг томилоход гишүүд, сайн дурын идэвхтнүүдийн нөлөөлөл их болсон зэрэг онцолмоор ажил олон байна. Энэ нь МУЗН-ийг шударга, нээлттэй нийгэмлэг болгож буй нэг үзүүлэлт юм.

 

- Та Улаан загалмайтай хэзээнээс ажил амьдралаа холбосон бэ?

- Миний хувьд 13 жилийн турш Филиппиний Улаан загалмайд ажилласан. Харин сүүлийн найман жилийн хугацаанд Олон улсын Улаан загалмай холбоонд ажиллаж байна. Миний эзэмшсэн мэргэжил түүх судлаач боловч Филиппиний Улаан загалмайд 13 жил ажиллахдаа хүмүүнлэгийн болон тусламж дэмжлэг үзүүлэх гээд олон чиглэлээр ажилласан. Түүний дараа Мяньмар, Африк зэрэг улсын Улаан загалмайг дэмжин хамтарч ажилласан. Олон улсын Улаан загалмай холбоонд ажилласнаасаа хойш бусад нийгэмлэгүүдэд байгууллагаа хэрхэн хөгжүүлэх, сайн дурын идэвхтнүүдийн оролцоог яаж илүү сайжруулах зэрэгт анхаарч, дэмжин ажиллаж байна.

 

-МУЗН үйл ажиллагаагаа өргөжүүлж илүү сайжруулахын тулд юун дээр анхаарч ажиллах нь үр дүнтэй вэ?

-Олон улсад хүмүүнлэгийн үйлсэд зарцуулж буй санхүүгийн дүн багасч байгаа. МУЗН-ийн хувьд ч мөн адил гаднын санхүүжилт багассан. Тэгэхээр МУЗН үйл ажиллагаагаа илүү сайжруулахын тулд дотоодын санхүүжилтдээ анхаарах хэрэгтэй. Гаднын түншүүдээс хандив авах биш дотооддоо хөрөнгө арвижуулж, орлого нэмэгдүүлэх ажил зохион байгуулах нь үр дүнтэй гэж бодож байна. МУЗН-т монголын ард түмний амьдралд хэрэг болохуйц маш их мэдлэг, мэдээлэл бий. Тиймээс үүнийг тодорхой хэмжээний төлбөртэй ард түмэнд сургалтаар хүргэх нь санхүүжилт сайжрахад бага ч гэсэн нэмэртэй. Зах зээлийн нийгэмд амьдарч байгаа учраас боломжтой зүйл.