Нийтэлсэн өдөр: 2014.09.10, лхагва
Гамшгийн мэдээлэл, сургалт сурталчилгааны хангайн болон баруун бүсийн төвүүдэд бүсчилсэн сургалтыг зохион байгуулсан. Энэхүү сургалт Өвөрхангай, Баян-Өлгий аймгуудад болсон юм. Өвөрхангай аймгийн сургалтад Архангай, Хөвсгөлийнхөн, Баян-Өлгийн сургалтад Ховд, Увсынхан очиж оролцлоо. Аймаг тус бүрийн Улаан загалмайн хорооны дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, гамшгийн менежментийн хөтөлбөрийн арга зүйч, Эрүүл мэндийн газрын ажилтан, Онцгой байдлын болон Боловсролын хэлтсээс тус бүрээс нэг нэг хүн оролцлоо. Мөн аймгийн Улаан загалмайн хорооны Сайн дурын идэвхтэн, Залуучуудын Улаан загалмайн гишүүн бүрэлдэхүүнд багтжээ.
Өвөрхангай аймагт болсон сургалтыг Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Ц.Цэрэнсодном, Мониторинг үнэлгээний багийн зохицуулагч А.Дэлгэрмаа нар удирдан зохион байгууллаа. Сургалтыг нээж Өвөрхангай аймгийн Улаан загалмайн хорооны тэргүүн, ИТХ-ын дарга Г.Ганболд үг хэлсэн юм. Тэрбээр Улаан загалмай нийгэмлэгийн шинэчлэлийн үйл явцад талархалтай буйгаа илэрхийлээд гамшгийн менежментийн сургалт ийнхүү бүсчлэн зохион байгуулж буйд ихээхэн ач холбогдол өгч байна гэсэн юм.
Ер нь энэхүү сургалт аймаг, орон нутаг, бүсийн хэмжээнд гамшгийн чиглэлээр тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулахаас гадна шийдвэрлэх арга замыг тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөгөө, зөвлөмж гарган мөрдөж ажилласнаар гамшгийн эсрэг авах хүчин чадал дээшлэх зорилготой юм.
Өвөрхангай аймгийн хувьд үер усны аюул, тарваган тахал, зуд турхан, ойн түймэр ихээхэн тохиолддог гамшгийн эрсэлтэй бүс нутгийн нэг. Мөн хангайн бүс гэх утгаараа Хөвсгөл, Архангай аймгууд ч ялгаагүй. Гамшгийн менежментийн хөтөлбөр 1994 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн хэрэгжжээ.
Тиймээс бодит байдлаа үнэлэн гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, санхүүгийн эх үүсвэртэй байх зэрэг шаардлагуудыг орон нутгийнхан сайн мэднэ. Гамшиг осол боллоо гэхэд ядаж 20-50 айлд туслах нөөцийг бүрдүүлэх зэрэг менежментийн асуудлыг энэхүү сургалтаар ярилцаж байв. Гамшгийн үеийн мэдээлэл, сургалт сурталчилгаа сургалтад оролцогчдод шинэ зүйл биш боловч мэдлэг, мэдээллээ сэргээх, шинэ санаа оноог олох, үйл ажиллагаагаа сайжруулахад ихээхэн ач холбогдолтой байв. МУЗН шинэ дүрэм, стратегиэ батлан хэрэгжүүлж эхэлсэн цаг үед ч энэ талын мэдээллийг сургалтаар давхар хүргэж байлаа.
Аймгуудын Улаан загалмайн хороодын дарга нар орон нутагтаа тохиолддог гамшиг хийгээд түүнийг хэрхэн даван туулсан, анхаарах ямар асуудал байгаа талаараа товч мэдээлэл хийсэн. Өвөрхангай аймагт өнгөрсөн жилүүдэд дунджаар 11 удаагийн зуд, есөн удаагийн ган, үер усны аюул 61 удаа тохиолджээ. Хүн малын гоц халдварт өвчин 41 удаа гарсан байна. Хамгийн сүүлд 2012 оны наймдугаар сарын 4-нд Арвайхээрт 11 км үргэлжилсэн 2,3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэнэ.
Тэр бүрт Улаан загалмайн хороо тэргүүлэн оролцож, ард иргэдээ гамшиг ослоос хамгаалахад хүчин зүтгэж иржээ. Гэхдээ гамшгийн бэлэн байдлыг хангахад хаа хаана шийдэх асуудал их байна. Ялангуяа гамшгийн эрсдлийн санг бүрдүүлэхэд хандивын тоглолт хийх, сургалт сурталчилгаа зохион байгуулах, хандив тусламж хүсэх зэргээр ажиллаж иржээ. Мэдээж энэ бүхэн хангалттай бус. Энэхүү сургалтаар гамшгийн эрсдлийн санг бүрдүүлэхэд цаашид хэрхэн ажиллах талаар туршлага солилцсон. Дунд сургуулийн сурагчдын урлагийн тоглолтыг зохион байгуулж хандив бүрдүүлэх нь ихээхэн дэлгэрсэн туршлага ажээ. Мөн орон нутгийн төр захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа хэр нягт байна тэр хэрээр гамшиг эрсдлийг даван туулахад амар юм.
Архангай аймгийн төвийн иргэдийн ундны усны ойролцоо мөнгөн ус асгасан байсан нь гамшгийн бас нэгэн шинэ тохиолдол ажээ. Энэ мэтчилэн гамшиг эрсдлийн хүрээ тэлсээр байгаа нь гамшгийн бэлэн байдлыг хангахад шинэ арга барилаар ажиллахыг шаардаж байна. Өвөрхангай, Архангай аймгууд хил залгаа учир гамшгийн холбоо мэдээлэлд хамтран ажилладаг ажээ.