Нийтэлсэн өдөр: 2014.08.21, пүрэв
Жил бүр уламжлал болгон Солонгосын Улаан Загалмайн Нийнэмлэгээс зохион байгуулж байгаа ОУУЗХ-ы Ерөнхий ассамблейн загвар чуулган 3 дахь удаагаа “Энх тайван, хүчирхийлэлгүй соёлыг дэмжих нь” сэдэвтэйгээр 2014 оны 8 дугаар сарын 7-12ны өдрүүдэд Солонгос улсад амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганд 50 гаруй орны нийт 170 гаруй Улаан Загалмайчид хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол орныг төлөөлөн Залуучуудын Улаан Загалмайн төвийн клубын гишүүн О.Одмаа, Ч.Ундрам, А.Нямлхагва нар оролцоод ирлээ.
Олон улс оронд тулгамдаж байгаа асуудлууд болох уур амьсгалын өөрчлөлт, хүчирхийлэл зэрэг асуудлуудыг хэлэлцэж, улс орон бүр өөрсдийн нөхцөл байдлыг дэлгэн танилцуулж, шийдвэрлэх нийтлэг арга замуудыг хайн хэлэлцэж, залуучуудын зүгээс хийж болох санал санаачлагуудыг гаргаж, нэгдсэн дүгнэлтэнд хүрч чадсан билээ. Нас хүйс, шашин шүтлэг, орчны уур амьсгал, нөхцөл байдал өөр өөр ч Хүмүүнлэгийн гэр бүлийн гишүүн болсон олон орны залуучууд нэгэн дор хуран цугларч найз нөхөд болж, мэдлэг туршлагаа хуваалцаж, соёлын өв уламжлалаа нээн сурталчилж, басхүү зохион байгуулагч орны түүх соёл, дурсгалт газрууд, зоог гүнцэг, мөн Улаан Загалмайн Хороотой танилцаж, залуу насныхаа нэгэн томоохон дурсамжийг хамтдаа үлдээж чадсан гэдэгт итгэлтэй байна.