Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан
МУЗН-н гамшигтай тэмцэх багийн гишүүд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан 12-р сарын 28-31-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймагт өвөлжилтийн нөхцөл байдлын үнэлгээг хийв.
Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймагт хийсэн үнэлгээний хүрээнд нийгэмлэгийн гамшигтай тэмцэх багийн гишүүд зудын байдалтай байгаа сумдад очин малчидтай уулзаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцан мөн орон нутгийн засаг захиргааны байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн нутгийн 80% орчимд өвөлжилт хүндэрч, нэг наст мал хорогдож эхэлж байна. Өнгөрсөн зун хэдийгээр бороо хур элбэгтэй байсан боловч газрын гарц тааруу байсан учраас малчид өвс хадланг хангалттай нөөцөлж аваагүй нь харагдлаа. Аймгууд авах үүрэгтэй нөөцийн өвснийхөө 50 хүрэхгүй хувийг нөөцөлж авсан бөгөөд 12 сарын сүүлч гэхэд өвсний 22-40%-ийг, тэжээлийн 15-25%-ийг хэрэглээд байна. Зам даваа хаагдсан сумдруу хүрч очих боломжгүй болсон бөгөөд хэдийгээр онцгой байдлын хэлтсүүд зам давааг нээх ажлыг зохион байгуулж байгаа боловч, дахин цасаар шуурч замыг хааж байна. Малчид малаа их хэмжээгээр хорогдож эхлэхээс нь өмнө хурга, ишиг зэрэг нэг наст малаа мах бэлтгэгч нарт худалдаж эхэлжээ. Мөн орон нутагт өвөлжилт хүндэрч эхэлснийг далимдуулан өвс болон тэжээлийн үнэ нэмэгдэх хандлагатай болжээ. Хэдийгээр сум болон аймгийн аюулгүйн нөөц, улсын нөөцийн өвсийг малчдад хөнгөлөлттэй үнээр худалдаж эхэлсэн боловч хэрэгцээтэй байгаа малчин тус бүр хэрхэн худалдан авах талаар мэдээлэл хомс байна. Малчдад нэн тэргүүнд малын өвс тэжээл, дулаан хувцас, дулаан гутал хэрэгцээтэй байгаа нь үнэлгээний дүнд харагдлаа. МУЗН-ийн гамшгийн менежментийн хөтөлбөр болон нийгэмлэгийн гамшигтай тэмцэх багийн зүгээс энэхүү үнэлгээн дээр үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны саналыг ОУУЗУХСН-н холбоонд илгээхээр боловсруулж байна.