АМЬДРАХ ТҮЛХҮҮР АТГУУЛСАН ТӨСӨЛ

Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан

Үргэлж л хаалттай, хагас дутуу байсан эгэл ертөнцийн хаалга тэдний өмнө нээгджээ. Д.Идэрбүдрий, Д.Гэрэлмаа нар хэлгүй, дүлийгээсээ болоод бусдын л адил амьдрах хүслээ биелүүлж чадахгүй, тусгаарлагдмал байсан аж. Өнөөх “дүлий” хаалгыг тэдэнд Улаан загалмайн нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Олон нийтэд тулгуурласан нийгмийн халамжийг нэн эмзэг бүлгийнхэнд хүргэх нь” төслийн хамт олон нээж өгсөн байна. Хэнтий аймгийн Хэрлэн сумын хоёр захад өөр өөрийн чимээгүй ертөнцдөө гундуухан амьдарч байсан залуус дээрх төсөлд хамрагдсанаар  хоорондоо танилцан гэр бүл болж, хөөрхөн охинтой болжээ. “Хамт олон дунд орж, амьдрах итгэлээ олж авсан. Юмханаар юм хийж, амьдрах ухаанд суралцан, найз нөхөдтэй ч боллоо” хэмээн Д.Гэрэлмаа сэтгэл хангалуун өгүүлж байна.

Төрийн нийгмийн халамж хүртэж чадахгүй нэн эмзэг бүлгийн иргэд, харж хандах хүнгүй өндөр настан, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа бичиг баримтгүй иргэдэд туслах, мэдээллээр хангаж, мэргэжилтэй болгон амьдралыг нь өөд татахыг төслийн багийнхан зорьжээ. 2009 оноос нийслэлийн төвийн зургаан дүүрэг, дөрвөн аймагт уг төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Дээрх хосын адил төслийн үр шимийг хүртсэн хүн олон. Төсөл нь  “Халамж өргөө”, сайн дурын идэвхтний үйл ажиллагаа, улирлын чанартай ажил, мэргэжлийн сургалт, мэргэжлийн цехийн үйл ажиллагаа, нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, иргэний бүртгэл, бичиг баримтаар хангах, хүнс болон дулаан хувцсаар туслах чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байна. УЗН-ийн халамжийн төслийн хүрээнд 1600 гаруй сайн дурын ажилтан ажиллажээ. Юуны өмнө тэднийг  Улаан Загалмайн хөдөлгөөн, нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, туслагч нарт туслах, хэвтрийн өвчтөн асрах аргачлал, иргэний бүртгэл, бичиг баримт, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх нь, харилцааны соёл, аргачлал, стресс менежмент, эрүүл мэнд анхны тусламжийн сургалт, эрүүл зөв хооллолт зэрэг сургалтад хамруулан бэлтгэсэн аж.

Төсөлд хамрагдаж буй иргэдийг нийгэмшүүлэх нь “Халамж өргөө”-нийхний гол зорилго. Тиймээс нийт 17 “Халамж өргөө” байгуулан ажиллажээ. Тэнд сургалт зөвлөгөө өгч,  эрүүл мэндийн анхан шатны болон нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, сайн дурын идэвхтэн, зорилтот бүлгийнхэнд зориулсан хурал, уулзалт, тоглоом наадгай, тэмцээн уралдаан, бичиг баримтгүй иргэдэд хэрхэн бичиг баримттай болох талаар зөвлөгөө өгөх зэрэг хүмүүнлэгийн бусад үйл ажиллагааг зохион байгуулжээ. Нэг ёсондоо мэдээлэл, мэдлэг олгож, өөрийгөө нээх төв нь болж байсан аж. Ядуу буурай ахмад настнуудынхаа гэрээр сард 2-3 удаа очиж, сэтгэл зүйгээр дэмжин, бусад дэмжлэг үзүүлэхдээ тусч хүүхдүүдийг ч хамруулдаг байна. Мөн байгаль орчин, гудамж талбайгаа цэвэр цэмцгэр байлгах асуудал төслийн гадуур үлдээгүй.

Түүнчлэн 16-гаас дээш насны бүрэн бус дунд ба түүнээс дээш боловсролтой сурах сонирхол, чадвартай, бичиг баримтын зөрчилгүй нэн эмзэг бүлгийн 472 иргэнийг 17 чиглэлээр түр сургалтанд хамруулж чадамжийн гэрчилгээтэй болгожээ. Тэднээс 200 орчмыг нь ажилд зуучилсан таатай мэдээ байна. Тэд мэргэжил эзэмшээд зогсохгүй 80.000 төгрөгийн тэтгэлэг авч байсан юм. Мэргэжлийн үнэмлэх олгох сургалтад нийт 233 хүнийг хамруулж, 20 хувийг нь ажилд зуучилжээ. Төсөл хэрэгжсэн 10 дунд шатны хороонд орон нутгийн онцлогт тохируулан оёдол, эсгий болон арьсан урлалын анхан шатны мэдлэг, ур чадвар олгох сургалт зохион байгуулж, нэн эмзэг бүлгийнхнийг хамруулсан байна. Одоо төсөл хэрэгжиж дууссан ч цехийнхээ орлогоор үйл ажиллагаа цаашид үргэлжлүүлэх боломжтой болжээ.

Төслийн үндсэн зорилтот бүлгийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Тиймээс тэдний өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай байдаг ч амьдралын боломжгүйгээс худалдан авч чаддагүй тэргэнцэр, сонсголын аппарат, гар таяг, тохой таяг, суга таяг, эрэгтэй эмэгтэй хөтөвч, тулгуур явагч гэх мэт зүйлсийг буцалтгүй тусламж болгон нийт 1206 иргэнд, хүнсний тусламжийг багцийг 7718 өрхөд, дулаан хувцас, эрүүл ахуйн тусламжийг багцийн 1580 өрхөд хүргэлээ. 4914 иргэнд иргэний бүртгэл, бичиг баримтын талаар мэдээлэл олгож үүнээс 600 иргэнийг Монгол Улсын иргэн мөн гэдгийг батлах бичиг баримттай болгож өгсөн байна.

Төрийн халамжаас гээгдэж, нийгмийн хүнд хатууд нухлуулсан олон зуун иргэнд  эдлэх ёстой эрхийг нь бүрэн эдлүүлж, ирээдүйдээ өөдрөг, итгэлтэй амьдрах итгэл хайрласан нь энэхүү төслийн  хамгийн том ач холбогдол байлаа. Цаашид яаж амьдрах мэдлэг, мэргэжил хэмээх түлхүүрээ атгасан иргэдэд одоо хаалттай хаалга үгүй болох биз ээ.