Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан
МУЗН-ийн дунд шатны хороодын дарга нар нийслэл хотод цуглах нь цөөхөн. Харин энэ удаа бүгдээрээ цугларч хамтдаа аян замд гарсан билээ. Тэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгаар дайрч, ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот хүртэл тав хоног аялаад ирсэн. Энэхүү аялал харилцан туршлагаа судлахаас гадна алдаа, оноогоо эргэцүүлэх, шинэ санаа, шинэ мэдрэмжийг төрүүлсэн үр өгөөжтэй аялал болсон юм. Ялангуяа хойд хөршийн хилийн дээс алхаж, Улаан-Үд хотын Улаан загалмайн нийгэмлэгийнхэн болон хотын удирдлагуудтай уулзсан зэрэг нь аяллын оргил үе байлаа.
Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б. Отгонбаяр хорооныхоо үйл ажиллагааг танилцуулав
Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хороон үйл ажиллагаатай танилцсаны дараа Сэлэнгэ аймгийн зүг хүлгийн жолоо заллаа. Тус хорооны дарга Б.Түвшинжаргал өнгөрсөн 10 жилийн үйл ажиллагаагаа товч танилцуулсан юм.
Зураг 1.1 Дархан-Уул аймaг дахь залуучууд хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцсан нь
Зураг 1.2 Дархан-Уул аймгийн Өсвөрийн улаан загалмайчдийг элсүүлэх ёслолын үеэр
Сэлэнгэ аймагт өнжөөд маргааш өглөө нь Улаан-Үд хотыг зорилоо. Буриадын Улаан загалмай нийгэмлэгийн дарга гавъяат эмч Манжеева утган авсан. Тэрбээр сүүлийн таван жил хорооны даргаар ажиллаж байгаа ажээ. Манайхтай адил эрүүл мэнд, анхны тусламж, ДОХ зэрэг төслүүд хэрэгждэг ажээ. Харин сүрьеэ өвчнөөр өвчилсөн хүмүүст нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг төсөл хэрэгждэг юм байна. Москвад байрлах төв нийгэмлэгийнхээ удирдлагад ажилладаг, Олон улсын улаан загалмайн үйл ажиллагааны адил нэг л зорилго, зарчимтай гэдэг нь тодорхой. Дүнзэн модон байшинд Улаан-Үдийн Улаан загалмайн хороо нь байрладаг ажээ. Энэ байшинд нь нэгэн баян худалдаачин амьдарч байсан түүхтэй гэнэ.
Өнгөрсөн есдүгээр сард тус хотод Дархан-Уул аймгийн соёлын өдрүүд болсон байна. Энэ мэтчилэн хоёр орны хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаагийн илрэл нь МУЗН-ийнхний өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал юм. Буриад Улсын Ардын хурлын орлогч дарга В.А.Павлов, Улаан-Үд хотын мэр А.М.Голков нар МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон дунд шатны хороодын дарга нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. МУЗН-ийнхэн ийнхүү өргөн бүрэлдэхүүнээрээ тус улсад айлчилж буйд Ардын хурлын орлогч дарга болон хотын мэр нар талархал илэрхийлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн чухлыг онцлож байв.
Зураг 1.3 Уулзалтын үеэр
Мөн манай төлөөлөгчид тус хотын ДОХ болон Цусны төвийн үйл ажиллагаатай танилцлаа. ДОХ-ын төв нь төрөөсөө санхүүжилт авч ажилладаг байна. Харин Цусны төв нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, томоохон төв байна. Манай улсын цусны төвтэй хамтын ажиллагаа сайтай ажээ. Их гүрний Бүгд найрамдах улс учраас тийм төвтэй байхаас ч аргагүй юм гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Ийнхүү Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод саатаж, тэдний хөгжил дэвшилтэй танилцсан манай багийнхан өндөр сэтгэгдэлтэй байв. Өөр өөрсдийн ажил төрөлдөө тусгах санаа, бодол ч олон төрснийг хэлэхэд илүүц биз ээ. Улаан-Үд хотод ирсэн учраас монголчууд бидний сүсэглэн залбирдаг Итгэлт хамбадаа мөргөхгүй буцаж үл болно. Итгэлт хамбадаа энэ жилийн ажил үйлсээ даатгаж, сүсэглэн мөргөөд аяллаа өндөрлөлөө.