Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хорооныхон бусдад үлгэр дууриал болохоор ажиллаж байгаа. Тус хорооны үйл ажиллагаатай МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон Ус, эрүүл ахуйн хөтөлбөрийн удирдагч Ц.Мядагмаа нар танилцсан юм. Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Д.Бат-Эрдэнэ ч ирсэн байлаа. Улаан загалмайн хороо өөрийн гэсэн тохилог байртай, үйл ажиллагаа нь жигдэрсэн хамт олон бүрдэн ажиллаж байгаа гэдгээрээ онцлог юм.
Тус хорооны дарга Д.Цэрэнсодном туршлагатай улаан загалмайч. Биднийг очиход Цэсо дарга хамт олноо нэг бүрчлэн танилцууллаа. Хорооны ня-бо Н.Ганчимэг. Энэ бүсгүй Улаан загалмайн байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай ня-бо. Осолгүй манлай, хүмүүнлэг санхүүч гэсэн алдар хүртжээ.
Арга зүйчээр нь Б.Бүжмаа, З. Өсөхбаяр, З. Халиун нар ажилладаг. Б.Бүжмаа, З.Өсөхбаяр нар мөн л Улаан загалмайдаа олон жил ажилласан үнэнч бөгөөд идэвхтэй ажилтнууд юм. Дунд шатны Улаан загалмайн хороонд нэг хүн олон давхар ажил үүрэг хүлээдэг. Тэрний нэгэн адил Б.Тунгалагцээл гэж саяхан ажилд орсон бүсгүй маань оёдолчин хийж байна. Бас жолооч гэсэн орон тоон дээр ажиллаж байгаа гэнэ. Д.Хишигжав дэлгүүрийн худалдагч хийгээд давхар үйлчилгээгээ хариуцдаг. Харуул хамгаалалтын ажлыг Б.Дарьхүү гүйцэтгэнэ. Цомхон боловч тус тусын давхар үүрэг хүлээсэн улаан загалмайчид энэхүү хамт олныг бүрдүүлжээ. Энд тэнд хүмүүнлэгийн чиглэлээр зарлагдсан төсөл хөтөлбөрүүдэд шалгарч тодорхой хэмжээний санхүүжилтийг авч хөрөнгө санхүүгээ бэхжүүлсээр ирсэн зэрэг туршлагаа Цэсо дарга ярьж байв.
Тухайлбал, НҮБ, Хүний эрхийн комиссоос зарласан “Шилжин суурьшигч” төсөл, НҮБ-ийн Хүн амын сангаас зарласан “Мэдсэнээ мэдээлж, сурснаа сурталчилъя” зэрэг төслүүдэд шалгарч хэрэгжүүлэх эрхийг авч байжээ. Мөн Италийн иргэн Дэвид Беллаталатай хамтран “Гудамжны хүүхэд” төсөл бичиж, хандив хөрөнгө цуглуулжээ. Өнөөдөр тус хорооныхоо байранд хүүхдүүдийг түр байрлуулах аятай тухтай өрөө тасалгаа бэлэн болжээ. Одоо охидыг усанд оруулах душийг бэлтгэж байна.