Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан
МУЗН-ийн Эрүүл мэнд, анхны тусламжийн хөтөлбөр дээр ажиллаж буй ОУУЗХ-ны БНАСАУ дахь эрүүл мэндийн төлөөлөгч Финлянд улсын иргэн Яри Койранинтай ярилцлаа.
- Юуны өмнө таныг МУЗН-т ирж үнэтэй зөвлөгөөг өгөн, туршлагаасаа хуваалцан ажиллаж байгаад талархал илэрхийлье. Та өөрийнхөө танилцуулна уу?
- Миний хувьд ОУУЗХ-ны БНАСАУ дахь эрүүл мэндийн төлөөлөгчөөр хагас жил ажиллаж байна. Өмнө нь Финляндын УЗН-т нийт 18 жил ажилласан. Төрөл бүрийн л албан тушаал хашиж явлаа. Монголд ирээд төрсөн сэтгэгдэл гэвэл цаг агаар нь хүйтэн санагдсан. Мөн Чингэс хаан олон улсын нисэх буудал дээр буугаад гадагшаа гарч ирэхэд асар их уудам үргэлжилсэн газар харагдсан нь сонин байлаа.
- Та бидэнд анхны тусламжийн сургалтыг хэрхэн хөрөнгө арвижуулан ашиг олох талд хөгжүүлэх сургалтад дэмжлэг үзүүлэхээр ирсэн. Ер нь бизнес анхны тусламж гэж юу вэ, Финляндынхаа туршлагаас хуваалцахгүй юу?
- Анхны тусламж бол Улаан Загалмайн үндсэн үйл ажиллагааны нэг. Улаан Загалмай хүний эрүүл мэнд, амьдралыг хамгаалах зэрэг сайн сайхны төлөө үйл ажиллагааг явуулдаг. Энэхүү үйл ажиллагааг явуулахад хөрөнгө санхүү зайлшгүй хэрэгтэй. Анхны тусламжийн сургалтыг бизнесийн зорилгоор явуулж, өөрийн үйл ажиллагааг явуулах хөрөнгө мөнгөө олохыг бизнес анхны тусламж гэдэг. Финляндын Улаан Загалмай энэхүү үйл ажиллагааг 1960-аад оноос хойш явуулж байна. Бид жилд 150 орчим сургагч багшийг шинээр бэлтгэдэг. Мөн нилээд тооны давтан сургалтыг зохион байгуулдаг. Финляндад жилд нийт 120 мянган хүн анхны тусламжийн сургалтад хамрагддаг гэсэн тоо байдаг. Гэхдээ энэ хүмүүсийг бүгдийг нь манай улаан загалмай бэлтгэдэггүй л дээ, бас бусад байгууллагуудын оролцоо бий. Хэрвээ МУЗН энэхүү үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чадвал өөрийн үйл ажиллагааны тодорхой хувийг эндээс олсон орлогоороо санхүүжүүлээд явах боломжтой. Гэхдээ одоо бүх зүйл эхлэх шатандаа явж байгааг мартаж болохгүй. Хийх зүйл их байна.
- Бид сургалтын танхимаа тохижуулан, тоног төхөөрөмжөөр хангаж, сургагч багш нарын сургалтыг Таны дэмжлэгтэйгээр явууллаа. Сургалт ямар үр өгөөжтэй болов?
-Энэ сургалтаас би ч олон зүйлийг суралцлаа. Анхны тусламж гэдэг бол нэг л сураад дуусчлаа гэдэг зүйл биш юм. Байнга суралцаж, дадлагажиж, шинэ мэдээллээр өөрийгөө цэнэглэж байх шаардлагатай. Оролцогчид маань идэвхтэй, сурах хүсэл эрмэлзлэлтэй байсан нь их гүн сэтгэгдлийн төрүүллээ. Энэ дундаас сайн сургагч багш нар төрөн гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Мөн багш нар маань мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байсныг дурдах нь зүйтэй болов уу. Цэсо, Даваа, Гэрлээ бид дөрөв үнэхээр сайн баг болж ажиллаж чадлаа. Толгойны, эгэмний боолт гээд урьд өмнө харж байгаагүй үнэхээр сонирхолтой техникуудыг тэднээс суралцаж авлаа.
-Бизнес анхны тусламжийг МУЗН-д хөгжүүлэхэд хамгийн нэн тэргүүнд хийх зүйлс юу вэ?
- Сургалтын хөтөлбөр болон цагийг эцэслэн боловсруулах, зах зээлийн судалгаа хийх, хууль эрх зүйн орчныг судлах, магадлан итгэмжлэл гээд нилээд хэдэн асуудал байна. Алхам алхмаар хийх нь зүйтэй болов уу. Мөн уг сургалтын нүүр царай болсон, сайтар мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэж дадлагажуулах нь бизнес амжилттай байхын үндэс болно. Сая сургагдсан хүмүүсээ давтан сургалтанд хамруулж улам их чадавхижуулах нь зүйтэй.
Ярилцсан: Эрүүл мэнд, анхны тусламж хөтөлбөрийн удирдагч Б.Даваажаргал