Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан
МУЗН-ийн Үндэсний чуулган энэ сарын 25-26-ны өдрүүдэд боллоо. Чуулганд болон Дунд шатны Улаан загалмайн хорооны тэргүүн, дарга нар болон чуулганы төлөөлөгч байх тодорхой шалгуурыг хангасан гишүүд, Сайн дурынхан гэх зэрэг 200 гаруй хүн төлөөлөгч оролцсон. Чуулганыг тэргүүлэгчдээр нийгэмлэгийн шат шатны төлөөлөл болсон есөн хүн сонгогдож, чуулганы хуралдааныг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, "Гал голомт" ТББ-ын тэргүүн С.Мөнхөө удирдсан.
Энэхүү чуулганаар МУЗН-ийн шинэчлэлийн нэгэн үеийг эхлүүлж байгаа нь онцлог юм. МУЗН дүрмийн шинэчлэл, 2020 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Мөн МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль болон Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлогын төслийг танилцуулсан. Үндэсний чуулганд ОУУЗ, УХСНХолбооны Ази номхон далайн бүсийн захирал Жаган Чапагэн, холбооны Зүүн ази бүсийн төлөөлөгчийн газрын дарга Мартин Фаллер, холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тор Даниелсон нар хүрэлцэн ирсэн. Харин Олон Улсын Улаан Загалмайн Хороог төлөөлж, хорооны Зүүн азийн бүсийн төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны зохицуулагч Айрис вон Бригелен, мөн газрын төлөөлөгч Алейн Вуилемиер нар оролцлоо. Британы УЗН-ийн Ази болон дунд Зүүн бүсийн менежер Инмакулада Лопез да ка Кова, Британы УЗН-ийн Олон улсын Хэлтсийн хамтын ажиллагааны хөгжлийн орлогч дарга, Даван туулах багийн менежер Алисон Льюис, мөн тус нийгэмлэгийн Зүүн болон Зүүн урд Ази дахь төлөөлөгч Разми Фарук, Финляндын УЗН-ийн хөтөлбөрүүдийн дарга Мария Суохеймо, Австралийн Улаан Загалмайн сайн дурынхны олон улсын хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Сүхбаатарын Энхтуяа, Японы УЗН-ийн Олон Улсын Хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Осаму Тасака нар Үндэсний чуулганы зочид байлаа. Үндэсний чуулганы эхний өдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах баримт бичгүүдээ танилцуулах өртөөг байгуулсан. Энэхүү зургаан өртөөнд төлөөлөгчид хуваагдан бүлгийн зохион байгуулалтад орж бичиг баримтаа хэлэлцлээ. Өртөөчилсөн хэлэлцүүлгээр төлөөлөгчид баримт бичгүүдтэй сайн танилцаж, санал шүүмжлэл цөөнгүй гаргасан юм. Төлөөлөгчдийн саналыг нэгтгэн дүрмийн болон хөгжлийн баримт бичигт тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Гэхдээ ОУУЗХ/холбооны дүрмийн комиссын хүлээн зөвшөөрөгдсөн манай дүрмийн төсөл зарчим гажсангүй батлагдсан нь томоохон амжилт юм.
Үндэсний чуулганаар МУЗН-ийн Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд МУЗН-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Н.Энхболд болон НИТХ-ын дарга Д.Баттулга нар өрсөлдсөн юм. Санал хураалтын дүнд Н.Энхболд МУЗН-ийн Ерөнхийлөгчөөр олонхийн санал авч улиран сонгогдлоо. Мөн Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Дараахь хүмүүс МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүдээр сонгогдов.
НИТХ-ын дарга Д.Баттулга, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Яаралтай түргэн тусламжийн төвийн дарга Ц.Пүрэвдорж, Замын цагдаагийн дарга П.Жаргалсайхан, Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав, Улаанбаатар төмөр замын дарга Х.Сэрээнэндорж, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ш.Лхачинжав, СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаяр, “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал Б.Батцэцэг, Нийгмийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын захирал Ц.Нацагдолгор, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Б.Мишээл, Монголын доноруудын холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах, Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны нарийн бичгийн дарга М.Ерболот, Мэргэшсэн улаан загалмайч А.Оюунгэрэл 15 Удирдах зөвлөлийн гишүүн сонгогдлоо. Мөн БСШУЯ, ГХЯ, ЭМЯ, Онцгой байдлын ерөнхий газраас дөрвөн гишүүн квотоор орж ирнэ.