Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан
Аливаа улс орны нийт хүн амын 3% нь цусны донор байвал цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангалттай байна гэж үздэг бөгөөд Монгол улсын хувьд 2013 оны байдлаар 22800 донор цусаа өгсөн нь энэ үзүүлэлт дөнгөж 0,8%-тай байгааг харуулж байна.
2014 оны Дэлхийн Цусны Донорын өдрийг “Аюулгүй цус эхчүүдийг аварна” уриан дор дэлхий даяараа тэмдэглэх гэж байгаа нь Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай агуулгаараа давхцаж байна. Сайн дурын доноруудаас цуглуулсан цус, цусан бүтээгдэхүүний багагүй хувийг хүндрэлтэй төрсөн эхчүүдэд зориулдаг статистик дүн мэдээ байдаг. Тухайлбал: 2012 онд Монгол улсын хэмжээнд 74474 эх төрснөөс 55437 нь хүндрэлтэй төрж, эхийн эндэгдлийн 77,7% нь цус алдалтын үүдэлтэй байсан байна. Мөн өнгөрсөн жил улсын хэмжээнд 86479 мэс засал хийгдсэнээс 202 хүн хүндэрч нас барсан ба нийт нас баралтын 21,2% нь хавдарын улмаас, 18,6% нь зам тээврийн ослын улбаатай байгаа нь цус цусан бүтээгдэхүүний хангамж, нөөцтэй салшгүй холбогдох юм. Монголын анагаах ухаан хөгжиж эрхтэн шилжүүлэн суулгах томоохон хагалгаануудыг хийдэг болсон зэрэг нь цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг улам ихэсгэсээр байна.
Иймээс цусны донорын эгнээг өргөжүүлэх, тэр дундаа, оюутан залуучуудад донор болохын ач холбогдлыг ухуулан ойлгуулж түгээн дэлгэрүүлэх, цусаа өгөх идэвх, оролцоог нэмэгдүүлөх замаар донорын эгнээг өргөжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Жил бүрийн 5 сарын 8 өдрийг Дэлхий нийтээрээ “Улаан Загалмай, Улаан Хавирган Сар” өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд мөн энэхүү өдрийг Засгийн Газраас Монголын Хүмүүнлэгийн өдөр болгон зарлаж 4 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр МУЗН-ийн Хүүхэд Залуучуудын Хөдөлгөөний, “Клуб-25”-ын залуучуудын санаачлагаар цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны донорын эгнээг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд оюутан залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУЗН-ын Донорын хөтөлбөр хамтран “ЗҮҮНЭЭС БИ АЙДАГ Ч ЗҮРХ СЭТГЭЛГҮЙ БАЙХААС БҮР ИХ АЙЖ БАЙНА” уриатай “ДУСАЛ-400” парад алхалтыг амжилттай зохион байгууллаа. Парад алхалт маань МУЗН-ийн төв байрнаас Их дэлгүүрийн өмнөх “Beatles”-ийн талбай хүртэлх маршрутаар алхаж, нийт 580 гаруй залуучууд нэгдсэн төдийгүй, Хилийн цэргийн 151 дүгээр ангийн Үлээвэр найрал хөгжимчид, “Аймар” продакшн, “Forever young crew” болон залуу хамтлаг дуучид бидэнтэй нэгдэн дуу хоолойгоо өргөлөө. Мөн “АПУ” ХК, “Улаанбаатар кондитер” ХХК-иуд биднийг дэмжин ажиллаж Цусны донорын үйлст гар бие нэгдэн оролцож байгаагаа илэрхийлсэн юм.
“Клуб-25” залуучууд маань цаашид эгнээгээ улам өргөжүүлэн ажиллаж, энэ чиглэлээр олон шинэ ажлыг санаачлан зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд одоо хэрэгжүүлж буй “Залуу донор-25” төслийнхөө хүрээнд “I’m VIP” аян болон богино хэмжээний кино наадмыг ирэх намраас зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Хүмүүний алтан амийг аврах, хэн нэгэнд амьдрал бэлэглэх энэ үйлст олон зуун залуучууд нэгдэж, мянга мянган хүнд ИНЭЭМСЭГЛЭЛ бэлэглэнэ гэдэгт итгэж байна.
“Хүмүүнлэг үйлс гэгээн байдаг болохоор мөнхөд оршдог юм”
МУЗН –ийн Хүүхэд Залуучуудын Хөдөлгөөн