Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан
Монголчууд эрт дээр үеэсээ ямарч цаг үед бие биендээ эд материалын болон сэтгэл санааны олон талын дэмжлэг үзүүлж ирсэн уламжлалтай ард түмэн байлээ.
Нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг гэдэг нь хүний сэтгэл зүйн болон нийгмийн хэмхэмжээ хоорондын хөдөлгөөнт харилцааг хэлдэг. Сэтгэл зүйн хэм хэмжээ гэдэгт дотоод сэтгэл, сэтгэл хөдлөл, санаа бодол, мэдрэмж болон хүний гаргаж буй хариу үйлдэлүүд (баярлах, хашгирах, гуниглах гэх мэт) зэргийг хамруулна. Нийгмийн хэм хэмжээ нь хүн хоорондын харилцаа, гэр бүл болон олон нийтийн харилцаа холбоо, нийгмийн үнэт зүйл болон соёл зэргийн цогц юм.
Нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг нь үйл явдалд хувь хүний нийгэм болон сэтгэл зүйн аль аль хэрэгцээг хангахад чиглэсэн дэмжлэгийн цогц хэлбэр юм. Улаан Загалмай болон Улаан Хавирган Сар Үндэсний нийгэмлэгээс олон нийтэд тулгуурласан нийгэм-сэтгэл зүйн дэмжлэгийн хөндлөнгийн оролцоог ихээхэн дэмжиж хөхиүлэн ажилладаг. Учир нь хүн өөрийгөө болон бусдыгаа дэмжиж, асран халамжилснаар өөртөө итгэх итгэл болон өөрийн нөөц бололцоог нэмэгдүүлнэ. Мөн хувь хүнийг болон бүлгийг хамгийн боломжит, зөв эерэг арга замаар эдгээх болон сэргээж, өөрсдийн чадваруудыг сэргээж түүнийгээ батжуулах, ирээдүйнхээ нь талаарх итгэлийг дахин бэлэглэдэг гэсэн санаанд суурилдаг юм.
Нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг нь урьдчилан сэргийлэх болон анагаах арга хэмжээг авч явуулдагаараа онцлогтой. Урьдчилан сэргийлэх гэдэгт сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд үүсэх нөхцөлийг урьдчилан таньж, илрүүлж, түүнээс эрсдэлийг бууруулдаг. Харин анагаах гэдэг нь хувь хүн болон олон нийтэд сэтгэл зүйн асуудлаа зохицуулах болон ялж гарахад нь тусална.
Магадгүй тухайн хүний асуудал хямралын нөлөөлөл болон гэнэтийн цочирдлоос үүдэлтэйгээр дахин сэдрэх, нэмэгдэх тохиолдолд түүнээс хамгаалахад, даван туулахад нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үүргээ бүрэн гүйцэтгэнэ. Энэхүү урьдчилан сэргийлэх болон анагаах арга хэмжээ нь шинэ хямралын нөхцөл байдал болон ирээдүйн амьдралд нь тохиолдож болох бэрхшээлийг сэтгэлийн тэнхээгээр даван туулж гарах чадварыг нэмэгдүүлдэг аж.
Тиймээс нийгэм-сэтгэл зүйн дэмжлэгийг хямралд өртсөн хувь хүн, бүлэг болон олон нийтэд амьдралын аливаа бэрхшээлтэй, аюултай, ямарч хүнд нөхцөлтэй тулгарахад даван туулахад туслах, магадгүй дараа дараачийн хямралт үйл явдалтай нүүр тулахад өөртөө болон өртсөн хүмүүст тусламж дэмжлэг үзүүлж чаддаг болоход суралцуулж, хувь хүний чадварыг нэмэгдүүлдгээрээ бусад үйл ажиллагаанаас ялгаатай бас давуу талтай байдаг.
Яагаад нийгэм-сэтгэл зүйн үйл ажиллагаа хэрэгтэй вэ?
Уй гашуу, хямралт үйл явдлууд хүний амьдралыг олон янзын хэлбэрээр сүйтгэдэг. Хүмүүс хямралын үед хамгийн ойрын болон хайртай хүмүүс, амьдралынхаа одоо ба ирээдүй, хамгаалалтын мэдрэмж, тав тух, эд хөрөнгө, орон байр зэргээ алддаг байна.
Заримдаа энэ бүхнийг нэг дор алдах нь ч бий. Хямралт үйл явдалд өртсөн хүний гэрч болсон хүмүүс ч мөн адил түүнд өртөгдсийн нэгэн хэлбэр, жишээ юм. Тэдний гаргаж буй зан үйлийн хэлбэрүүд нь тухайн хямралт үйл явдлаас хамаарч ялгаатай байж болно.
Ийм тохиолдолд нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг нь тухайн хүн өөрийгөө болон бусдыгаа гүн стресс болон уй гашуунаас хэрхэн хамгаалах талаар сургаж, мөн нийгмийн харилцаа холбоонд эргэн ороход чиглүүлж сургадаг.
Нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг нь хүн амьдралаа дахин босгох, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Хүмүүс эдгээр зохион байгуулалттай үйл ажиллагаанд нэгдэж чадсанаараа, өөрийгөө өөрийнхөө хүчээр дахин хөл дээрээ босоход тусалж, хэвийн амьдралдаа ороход туслах томоохон алхам болно.
Нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа нь өргөн агуулгатай, олон хэлбэр, төрөлтэй. Жишээ ньхямралын дараах үеийн сэтгэл зүйн анхны тусламж (өртсөн хүмүүсийг тайвшруулах болон сонсох), хүмүүсийг бүлгээр зохион байгуулж бүлэг бүрээр нь ярилцах, зөвлөлдөх, бие биенийхээ асуудлыг сонсох, хуваалцах, үйлчилгээний хэсгүүдээр орох, үйл ажиллагаатай нь танилцах, гамшиг зовлонд өртсөн хүмүүсийн сэтгэл зүйн хариу үйлдэлд хяналт тавих, шаардлагатай бол бусдын оролцоо, тусламжийг нэмэгдүүлэх, сургуульд суурилсан үйл ажиллагаа буюу хүүхдүүдтэй тоглох, итгэлийг дахин олж авах, эрүүл ахуйн сургалтзохион байгуулах зэргээр явагддаг.
/Үргэлжлэл бий/
Олон нийтэд тулгуурласан халамжийн төслийн зөвлөх Б.Тунгалаг
Илүү ихийг "НИГҮҮЛСЭЛ" сэтгүүлээс..