Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан
Австралийн Олон улсын хөгжлийн төлөө Сайн дурын хөтөлбөрийн шугамаар тус улсын Улаан загалмайн хоёр ажилтан МУЗН-т ажиллахаар ирлээ. Тэднийг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон ажилтнууд халуун дотно угтан авсан. Жейн Мижро нь Олон Улсын хүмүүнлэгийн эрх зүй, Женевийн конвенцийг сурталчлах, МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд ажиллах зорилготой юм. Тэрбээр Австралийн Улаан загалмайн нийгэмлэгийн Сидней хотын салбарт ажилладаг. Мөн шүүхийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай эмэгтэй юм.
Харин Жереми Смит нь анхны тусламжийн сургагч багш бэлтгэхэд туслах, мэргэшүүлэхэд арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллана. Тэрбээр эрүүл мэндийн байгууллагад анхны тусламжийн чиглэлээр ажиллаж байсан. Энэ чиглэлээрээ магистр хамгаалахаар суралцаж байгаа гэнэ.
Сайн дурын хөтөлбөрийн ажилтнууд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газарт 10 сар ажиллах бөгөөд дээрх зорилгоос гадна ажилтнуудын хэлний чадварыг сайжруулахад туслалцаа үзүүлнэ.
Австралийн Олон Улсын хөгжлийн төлөө Сайн дурын хөтөлбөрийн ажилтнууд 2011 оны 10 сараас Монголд ажиллаж ирсэн. Жейн Мижро, Жереми Смит нар бол 12 дахь удаагийн группийн ажилтнууд юм.