Н.Энхболд: МУЗН-ийн нэр хүндийг өргөхөд Удирдах зөвлөлийн гишүүд чухал үүрэгтэй.

Нийтэлсэн өдөр: 2017.01.02, даваа

 

Өнгөрсөн сарын сүүлээр болсон МУЗН-ийн Үндэсний чуулганаар сонгогдсон шинэ Удирдах зөвлөлийн анхны хуралдаан боллоо. Хуралдааныг МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд удирдан явуулсан юм. Нэн түрүүнд Үндэсний чуулганаар сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдэд баяр хүргэж үг хэлсэн. Тэрбээр, МУЗН-ийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, хүмүүнлэгийн үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд ирэх жилүүдэд хийх ажил их гэдгийг онцолсон. Үндэсний чуулганы төлөөлөгчдийн итгэлийн хүлээсэн  учраас  гар,  сэтгэлээ нийлүүлэн ажиллахын төлөө идэвх чармайлт гаргахыг гишүүдээс хүслээ.   Тэрбээр, цааш нь "Хамгийн чухал нь олон улсын хэмжээнд мөрддөг долоон зарчмаа ягштал биелүүлж гэмээнэ МУЗН-ийн олон улс дахь байр суурь, үйл ажиллагаа бэхжинэ.  МУЗН-т  өнгөрсөн жилүүдэд удирдлага хийгээд  гүйцэтгэх засаглалын зааг ялгаа харагдахгүй байгаа тухай  ОУУЗХУХСНХ-оос  хэдэнтээ сануулга авсан.  Харин шинэчилсэн дүрмээр энэхүү зааг ялгааг тод гаргаж чадлаа. Энэчилэн дүрэм, стратеги зэрэг баримт бичгүүд манай байгууллагын ирээдүйг тодорхойлж байна. МУЗН-ийн шинэчлэлийн нэгэн үед бид хамтдаа ажиллахаар  боллоо. Биднээс МУЗН-ийн нэр хүнд шалтгаалах нь зайлшгүй.  Удирдах зөвлөлийн гишүүдээр  тодорхой үүрэг, албан тушаалтай, салбартаа нэр хүндтэй, хийсэн бүтээсэн,  ид хийж бүтээж яваа залуучууд сонгогдсонд талархаж байна" гэв.

Шинэчилсэн дүрмээр Удирдах зөвлөл 19 гишүүнтэй бөгөөд  15 гишүүн нь санал хураалтаар сонгогдож, Боловсрол, шинжлэх ухааны ,  Гадаад хэргийн, Эрүүл мэндийн яамны  болон Онцгой байдлын газрын дөрвөн тодорхой албан тушаалтан эрх үүргийн хувьд томилогдохоор заасан. Удирдах зөвлөлийн анхны хуралдаанаар дээрх дөрвөн гишүүнээ сонгож баталгаажуулж, бүгд  Ёс зүйн батламжинд гарын үсэг зурав. Мөн МУЗН-ийн  Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Болормааг томилох Ерөнхийлөгч Н.Энхболдын саналыг Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Болормаа  1998 оноос МУЗН-ийн сонгуульт ажлыг хийж байгаад 2005 оноос дэд Ерөнхийлөгчөөр  сонгогдон ажиллаж иржээ. Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод ,  дахин энэхүү үүрэгт ажилдаа анхны Удирдах зөвлөлийн хуралдаанаар ийн баталгаажив.  Н.Болормаа,   МУЗН ил тод байж,  гишүүнчлэлд суурилсан, сайн дурын өргөн олон сүлжээтэй, хүүхэд залуучуудын хөдөлгөөнийг дэмжсэн,  олон улсын байгууллага байхын  төлөө ажиллана гээд энэ үүргийн төлөө хамтдаа зүтгэх  Удирдах зөвлөлийн гишүүдийнхээ  ажиллах нөхцөлийг хангах болно гэсэн юм.

  Мөн МУЗН-ийн дэд Ерөнхийлөгчөөр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгыг сонгохыг  Ерөнхийлөгч Н.Энхболд санал болголоо. Дүрмийн дагуу Удирдах зөвлөлийн гишүүд нууц санал хураалгав. Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь Д.Баттулгыг дэмжжээ.

 Түүний дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Болормаа Удирдах зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарь болон   Ерөнхий нарийн бичгийн даргын газрын шинэ бүтцийг танилцуулсан.