Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан
МУЗН-ийн Үндэсний чуулганаар баталсан дүрмийг ёсчлох хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа шинэчилсэн дүрмийн талаар товч танилцууллаа. Тэрбээр, Өнгөрсөн оны 11 дүгээр сард Сиднейд болсон Ерөнхий Ассамблейгээр хөгжлийн тодорхой шинэ зорилтуудыг дэвшүүлсэн. Үндэсний нийгэмлэгүүдийг хөгжүүлэх талаар шинэ зорилт, шаардлага тавигдаж байна. Үндэсний нийгэмлэгүүдийн дүрэм ямар шаардлага, хэм хэмжээг хангасан байх тухай зөвлөмжийн дагуу МУЗН дүрмээ боловсруулж баталсан юм. Дүрэм боловсруулахад Олон улсын Улаан загалмайн холбоо, хорооны зөвлөх баг ирж ажилласан. Манай нийгэмлэг Ази номхон далайн бүсэд /зон/ хамаарагддаг. Энэ бүсэд 36 үндэсний нийгэмлэг багтдаг бөгөөд 31 үндэсний нийгэмлэг нь дүрмийн “А” загвараар дүрмээ боловсруулсан байна. МУЗН-ийн дүрэм нь “Б” загварын хүрээнд багтаж байсан бол одоо “А” загварт шилжлээ. МУЗН-ийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах бодлогын бичиг баримт болсон дүрмээ шинэчлэн батлах нь энэ удаагийн чуулганы гол зорилт байсан. Бид зорилтоо бүрэн биелүүллээ. Дүрмийн хүрээнд МУЗН гишүүнчлэлд суурилсан хүмүүнлэгийн өргөн түмний сүлжээ болж өргөжихийг зорьж байна. Дүрмийг шинэчлэхдээ гишүүнчлэлд суурилсан хүмүүнлэгийн байгууллага байх зорилгыг нэгдүгээрт тавьсан. Олон улсын Улаан загалмай хөдөлгөөний үндсэн зарчим болон Улаан загалмайн дүрмийг хүлээн зөвшөөрсөн анхан шатны хороонд бүртгэлтэй, үйл ажиллагаанд нь оролцдог хувь хүн байгууллага хэн боловч Улаан загалмай нийгэмлэгийн гишүүн байх бололцоотой. МУЗН-ийн үйл ажиллагаа хувь хүнээс шалтгаалахбус гагцхүү дүрмээр зохицуулагддаг байх ёстой юм.
Үүний дараа Үндэсний чуулганы хуралдааны дарга МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, "Гал голомт" хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө шинээр байгуулагдсан Дүрмийн хорооны дарга Б.Долгорт дүрмийг хүлээлгэн өгсөн юм. Мөн ОУУЗУХСНХ-ны Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Тор Даниелсонд дүрмийн бас нэгэн хувийг гардууллаа.
Ингэснээр МУЗН-ийн шинэчилсэн дүрэм бүрэн утгаараа хэрэгжих суурь тавигдаж, анхан, дунд шатныхан болон нийт МУЗН-ийн гишүүдийн баримтлах баримт бичиг бэлэн болов.
Ирэх сараас эхлэн дүрмийг танилцуулах, мэргэшүүлэх бүх чиглэлийн сургалтууд явагдах юм.
Хүндэтгэлийн ёслолын ажиллагааны дараа МУЗН-ийн ахмад зүтгэлтэн Д.Мөнхөөг "Хүмүүнлэгийн Алтан од" одонгоор шагналаа. Мөн "Нигүүлсэл" алтан медалиар орчуулагч Р.Баасанг шагнаж урамшуулсан.