Гамшгийн менежментийн хөтөлбөр

Нийтэлсэн өдөр: 2017.05.29, даваа

Ахуйн түймрийн бэлэн байдал

Ахуйн түймэр гарах үед бэлэн байдлаа хэрхэн хангах вэ? Дараах 7 алхамыг тогтоогоорой!

 

1.   Галын дохиолол суулга. Сар бүр дохиоллыг шалгаж, дор хаяж жилдээ нэг удаа зайг нь солих.

2.  Хүүхдэд галын дохиолол хэрхэн сонсогдох талаар болон дохиолол сонсогдвол юу хийх хэрэгтэй талаар урьдчилан зааж ойлгуулах.

3.   Гэр бүлийн бүх гишүүд байшингийн өрөө тус бүрээс зугатах хоёр зам байгааг мэддэг байх хэрэгтэй. Гэр бүлийн гишүүн бүр байрны гадаах цуглах цэгээ мэддэг байх.

4. Өрхийн бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулж, гэрийнхэний маань хэн нэгэн алга болсон үед хэнтэй холбоо барьж болохыг мэддэг байх.

5. Жилд хамгийн багадаа хоёр удаа орон байраа орхин гарах дадлага сургуулийг хийж байх хэрэгтэй. Ингэхдээ галын дохиоллыг дугаргаж, гэр бүлийн бүх гишүүдэд мэдэгдэнэ.

6. Гэр бүлийн гишүүн бүр 101 гал түймрийн дуудлага эсвэл 105 гамшиг ослын дуудлага руу хэрхэн залгахыг мэддэг байх.

7. Гэр бүлийн гишүүн бүрт хувцасанд гал авалцсан үед ЗОГС, ХЭВТ, ӨНХӨР дүрмийг мөрдө, сурах. 
Холбоотой бичлэг үзэх

 

 

 

 

Гамшгийн менежментийн хөтөлбөр

Үйл ажиллагаа:

Иргэдийн амь нас, амьжиргааг аливаа гамшиг, ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нөхөн сэргээх үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд хүмүүнлэгийн хамтын ажиллагааг  хөгжүүлэхэд чиглэнэ.

Хөтөлбөрийн чиглэл:

  • Гамшгийн бэлэн байдал

Сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд зориулж мэдээлэл, сурталчилгааны материал бэлтгэн хэвлүүлэх, түгээх, гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэнүүдээс бүрдсэн багийг байгуулж, сургаж дадлагажуулах, уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй дасан зохицох талаар мэдлэг олгох;

  • Гамшгийн хариу арга хэмжээ

Гамшиг, осол гарсан газарт үнэлгээ хийж, нэрвэгдсэн хүмүүст яаралтай үеийн тусламж, үйлчилгээ үзүүлэх;

  • Гамшгийн нөхөн сэргээлт

Нөхөн сэргээх тусламжийн үйлчилгээ зохион байгуулах, Хүмүүнлэг үйлсэд ард иргэдийг татан оролцуулах, эмзэг бүлгийн иргэдийг амьдрах ухааны сургалтанд хамруулах;

 

Хэрэгжүүлж буй төслүүд:

Австралийн Улаан загалмай болон олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Олон нийтийн гамшгийн эрсдлийг бууруулах, даван туулах чадварыг нэмэгдүүлэх” төслийг туршилтын журмаар Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь аймгуудад хэрэгжүүлж байна. Үндэсний хэмжээнд хийсэн “Эмзэг байдал, хүчин чадлын үнэлгээ”-ний зөвлөмжүүд дээр тулгуурлан энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд 15 000 хүнд хүрч ажиллахаар төлөвлөж байна.

Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран “Олон нийтийн гамшгийн эрсдлийн менежмент”-ийн төслийг Баянгол дүүрэг, Өвөрхангай, Төв аймгуудад хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийг хүрээнд 12 000 хүнд хүрч ажиллахаар төлөвлөж байна.

 Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох” туршилтын төслийг Увс, Дундговь аймгуудад хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлт Монгол оронд ямар түвшинд байгаа энэ нь хүмүүсийн аж амьдралд хэрхэн нөлөөлж байгаад судалгаа хийх юм.

Английн Улаан загалмай болон Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Түр орогнох байрны судалгааны албатай хамтран Гамшгийн бэлэн байдлыг хангах төслийг хэрэгжүүлэх ажлын эхний шатны ажил болох “Өвлийн улиралд дулаанаа хадгалах чадвартай майхны туршилт”-ыг хийж дуусгаад байна. Туршилтын явцад өндөр үзүүлэлттэй гарсан майхны загварыг сайжруулж МУЗН-ийн түр орогнох байрны нөөцийг бүрдүүлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Английн Улаан Загалмайтай үргэлжлүүлэн хамтарч ажиллаж байна.

Гамшгийн менежментийн хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагааны гол хэсэг нь “Анхны тусламжийн нөхөрлөл”-ийг байгуулж, дадлагажуулах, үзүүлэх сургалтад оролцох бөгөөд “Анхны тусламжийн нөхөрлөл” нь гамшигт нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, нийтийг хамарсан гамшгийн эрсдэлийг  бууруулахад хувь нэмэр оруулах үүрэг бүхий Улаан загалмайн сайн дурынхны мэргэшсэн баг юм. Онцгой байдлын ерөнхий газартай хамтран аймаг, дүүрэг, улсын хэмжээнд Дунд шатны хороодоор дамжуулан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад тогтмол оролцож байна.

Гамшгийн менежментийн хөтөлбөр нь гамшигт өртсөн ард иргэдэд яаралтай болон нөхөн сэргээх тусламж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэгийг Дунд шатны хороод болон сайн дурын идэвхтэнүүдээр дамжуулан хүргэж байна.