Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан
Ус, эрүүл ахуйн төсөл гурван үе шаттай 10 жилийн хугацаатай хэрэгжээд дуусч байна. Төслийн үр дүнг хэлэлцэх, тогтвортой байдлыг хангах дараагийн шатны чухал арга хэмжээнүүд өрнөж байна. Энэ сарын 7-нд Ус, эрүүл ахуйн төслийн тогтвортой байдлыг хангах сургалтыг зохион байгууллаа. Ер нь төсөл хэрэгжээд дууссан ч үйл ажиллагаа нь үргэлжилж байвал тухайн төслийн ач холбогдол, үр дүнг үнэлэх хамгийн гол шалгуур юм. Ус, эрүүл ахуйн төслийн тогтвортой байдлыг хангах сургалтад төсөл хэрэгжсэн нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг болон Говьсүмбэр аймгийн дунд шатны хорооны төлөөлөл болон төслийн гол санхүүжүүлэгч Нидерландын УЗН-ийн төлөөлөгчид оролцлоо. Мөн хөрөнгө арвижуулах төслүүдийн талаар монголын туршлагын тухай ОУУЗУХСНХ-ны суурин төлөөлөгч Тор Даниелсон танилцуулсан. Төслийн хэрэгжилтийн явцын болон төслийг хэрхэн тогтворжуулах талаар Нидерландын УЗН-ийн төслийн менежер Рафи илтгэсэн. Мөн Нидерландын УЗН-ийн тогтвортой байдлын туршлагаасаа тус нийгэмлэгийн Ус, эрүүл ахуйн төслийн зөвлөх Мишел Бекс танилцууллаа. Тэрбээр "FIETS" загвараар төслийн тогтвортой байдлыг хэрхэн хангаж болох тухай ярьсан. "FIETS" гэдэг нь голландаар дугуй гэсэн үг бөгөөд дугуйны эд бүхэн бүрэн байж хөдлөх болно. Түүнтэй адил төслийн дараагийн алхам болох тогтвортой байдалд нөлөөлөх таван хүчин зүйл бол дугуйн эд ангиас ялгаагүй гэж байв. Тухайлбал, санхүүгийн, байгууллагын, хүрээлэн буй орчны, техникийн, нийгмийн тогтвортой байдал хангагдвал төсөл тогтвортой байх боломж бүрдэнэ. Хэрэв аль нэг нь доголдвол дугуй эрэг шургаа гээж зогсохтой адил тогтвортой байдал алдагдах юм. Тухайлбал, Зимбаб, Гаите, Уганда зэрэг улсад хэрэгжсэн төслийн тогтвортой байдлыг хадгалахад учирсан туршлага, алдаа оноог сонирхууллаа. Зимбаб бол африкийн орнууддаа амьжиргааны төвшингөөр боломжийн улсад тооцогддог боловч улстөрийн уналтад өртөж, төслийг тогтворжуулахад хүндрэл гарчээ. Харин Уганда улсад хүйсийн харилцааг эрхэмлэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш оролцоог хангаснаар төсөл тогтвортой үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн гэнэ. Энэ мэт туршлагасаа Нидерландын УЗН-ийнхэн хуваалцав. Мөнхүү энэ сургалтыг Халамжийн хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаатай холбож өгсөн юм. Финляндын УЗН-ийн Зүүн өмнөд азийг хариуцсан төлөөлөгч Тони Ёокинон болон Халамжийн хөтөлбөрийн удирдагч Б.Тунгалаг нар төслийг тогтворжуулах, төслийн суурь судалгааны талаараа танилцуулсан. Өнөөдөр халамжийн төслийн хүрээнд 10 дунд шатны хороо хөрөнгө арвижуулах чиглэлээр оёдлын цех ажиллуулж байна. Эдгээр цехийн дөрөв нь жигд ажиллаж, гурав нь зогсонги байдалтай, гуравт нь санхүүжилт шаардлагатай байгаа гэнэ. Төслийн тогтвортой байдлыг хангахад энэчлэн хөрөнгө арвижуулах чиглэлийн үйл ажиллагааг түлхүү анхаарах нь зүйтэй гэж байв. Мөн цаашид төслийн үйл ажиллагааг үргэжлүүлэхэд бизнесийн санал онолоо тэд ярилцсан юм. Модон эдлэлийн цех байгуулах, хувилах, олшруулах, үйлчилгээ нээх, одоо буй оёдлын цехийн үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг санал дэвшүүлж байлаа. Эдгээр саналуудыг багцалж, дараа нь үнэлж, шалгаруулах замаар төслийн тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаанд оролцуулах юм.
Мөн энэ сарын 11-нд "Монгол Улсын ус, эрүүл ахуйн чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгцээ шаардлага" гэсэн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар зочид буудалд болно.