Нийтэлсэн өдөр: 2021.11.21, ням
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны Үндэсний Зөвлөлийн Анхдугаар хурал 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр боллоо. Хуралд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол,шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн хурлыг нээж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үг хэлэв. Тэрбээр “Монгол Улсын Их Хурлаас Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2016 онд шинэчлэн баталсан. Монголын Улаан Загалмай нийгэмлэг нь гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн Газартай үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. Коронавируст цар тахлыг даван туулахад Монголын улаан загалмай нийгэмлэг бүх шатны байгууллага Үндэсний болон орон нутгийн хэмжээнд хариуцлагатай, идэвхтэй байж, чухал хувь нэмэр оруулж байна. Шадар Сайдын тушаалаар Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааны Үндэсний Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Монгол Улсын Засгийн Газраас 2016 онд ‘’Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай’’ тогтоол гаргаж, Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулахаар шийдвэрлэсний дагуу ийнхүү Анхдугаар хуралдаан болж байна” гэв.
Энэ үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн 2021 онд хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө нэмэлт хүч болж ажилласан үйл ажиллагааны тайлан мэдээллийг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа өгсөн юм. Хурлаар Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн хүрээнд хийсэн ажил, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлөөс 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг үндэсний болон орон нутгийн хэмжээнд эрчимжүүлэх талаар холбогдох яамд, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.