Нийтэлсэн өдөр: 2021.11.03, лхагва
"Бэлэн бай" сургалтын хөтөлбөрөөр сургагч багш бэлтгэх сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулав. Сургалтад Төв, Дархан-Уул, Булган, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн сумдаас 20 сумын сайн дурын идэвхтэн, улаан загалмайн дунд шатны хорооны арга зүйч нар хамрагдлаа. Сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгал, гамшгийн удирдлагын газрын ажилтан П.Амарзаяа, Ч.Нямхүү, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны хэлтсийн мэргэжилтэн хошууч М.Ариунтунгалаг, дэслэгч Б.Энхмаа нар чиглүүллээ. Сургалтыг “Бэлэн бай” сургалтын модулаар зохион байгуулж, чиглүүлэгч багш нар гарын авлагын үндсэн сэдвээр хичээл зааж, тус модулийн хэрэглэгдэхүүнийг хичээлдээ хэрхэн үр дүнтэй ашиглах талаар зөвлөж, багаар ажиллуулав. Оролцогчид сургалтад хамрагдсанаар гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа явуулах, олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэй “Сайн дурын бүлэг”-ийг байгуулах юм.
Дашрамд дуулгахад, Монголын улаан загалмай нийгэмлэг гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа явуулах, олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх нийт 300 сургагч багш бэлтгэх, сайн дурын идэвхтэнг сургаж дадлагажуулахаар төлөвлөн ажиллаж байна.