Байгууллагын хүчин чадлын үнэлгээ хийж байна

Нийтэлсэн өдөр: 2021.11.03, лхагва

 

Монголын улаан загалмай нийгэмлэг 2014, 2016, 2018 онд  Байгууллагын хүчин чадлын үнэлгээг зохион байгуулж,  Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны “Байгууллагын хүчин чадлын үнэлгээ - ОCAC” үнэлгээний гэрчилгээг 2019 онд хүлээн авсан. 2021 оны байдлаар байгууллагын хүчин чадлаа үнэлэх зорилгоор “Байгууллагын хүчин чадлын үнэлгээ”-г 2021 оны 11 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд цахим хэлбэрээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд зохион байгуулж байна. Байгууллагын хүчин чадлын үнэлгээний үйл ажиллагааг нээж Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Зүүн Азийн бүсийн хөтөлбөрийн зохицуулагч Arvind Bhardwaj нар үг хэлж, үнэлгээнд оролцогчид болон чиглүүлэгчидтэй танилцсан юм.

Үнэлгээг Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Ази-Номхон далайн бүсийн Байгууллагын хөгжлийн зохицуулагч Ahmad Sami, Бангладешийн Улаан Хавирган сар нийгэмлэгдэх Олон улсын Холбооны Байгууллагын хөгжлийн ахлах ажилтан Durjoy Adithshah, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, Байгууллагын хөгжлийн зөвлөх Ж.Пүрэвжав нар чиглүүлж байна.

Байгууллагын хүчин чадлын үнэлгээний үйл ажиллагаанд Говь-Алтай, Увс, Төв аймгийн Дунд шатны хорооны дарга, Дархан-Уул, Өмнөговь аймгийн Анхан шатны хорооны дарга, сайн дурын идэвхтэн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрын төсөл, хөтөлбөр хариуцсан дарга, ажилтан нийт 22 хүн оролцож байна.

Энэхүү Байгууллагын хүчин чадлын үнэлгээг хийснээр Үндэсний нийгэмлэгийн дараах 5 чадавхийг тодорхойлж, үнэлэх юм. Тухайлбал, Монголын улаан загалмай нийгэмлэгийн оршин тогтнох чадавх, Үндэсний нийгэмлэгийн өөрийгөө зохион байгуулах чадавх, бусадтай харилцах болон хөрөнгө нөөц дайчлах чадавх, гүйцэтгэх чадавх, дассан зохицож болон цаашид нь өссөн дэвжих чадавхийг 85 үзүүлэлтээр  үнэлж, дүгнэх аж.