Нийтэлсэн өдөр: 2021.11.02, мягмар
Монголын улаан загалмай нийгэмлэг, Гадаад харилцааны яам харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, нар оролцов. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн гэрээний хэрэгжилтийг үнэлэх судалгааг хийх нөхцөл бүрдэж байгаа юм.
Монгол Улс нь 1958 онд "Дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай" 1949 оны Женевийн конвенцуудад, 1995 онд Женевийн конвенцуудын нэмэлт баримт бичиг болох 1977 оны "Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдолтой нэмэлт нэгдүгээр Протокол" болон "Олон улсын бус чанартай зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай нэмэлт хоёрдугаар Протокол"-ыг Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсан билээ. Дээрх олон улсын олон талт гэрээнүүд нь Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн буюу зэвсэгт мөргөлдөөний хуулийн голлох баримт бичгүүд бөгөөд эдгээр олон улсын хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ манай улс Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу шударгаар биелүүлэх ёстой байдаг.
Иймд, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйд холбогдох олон улсын гэрээний хэрэгжилт манай улсын хувьд ямар төвшинд, хэрхэн хэрэгжиж байгааг судалснаар манай улсын хувьд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлд ололт, амжилттай зүйлс юу байсан болох цаашид анхаарах зүйлс болон тэдгээрийг хэрхэн сайжруулах боломжтой вэ асуултуудад хариулт өгөх суурь судалгааг бий болгох ач холбогдолтой юм.