Нийтэлсэн өдөр: 2021.10.12, мягмар
“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” тохиож байна. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас баталсаны дагуу жил 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” 2021 онд хөгжиж буй орнуудыг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг уриалсан Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилт "Е" буюу “Хөгжиж буй орнуудад 2030 он хүртэл Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагаагаа зохион байгуулахад зохистой, тогтвортой дэмжлэг үзүүлэх замаар олон улсын хамтын ажиллагааг бодитойгоор нэмэгдүүлэх” гэсэн зорилтын хүрээнд “ONLY TOGETHER …. CAN WE SAVE THE PLANET!” буюу “ЗӨВХӨН ХАМТДАА… БИД ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЧ ЧАДНА” гэсэн уриан дор зохион байгуулж байна.
Уг өдрийг угтаж Монголын улаан загалмай нийгэмлэгээс дараах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:
- “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, УБЦТС-ТӨХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнуудад “Аж ахуйн нэгж байгууллагад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах гарын авлага" танилцуулж, "Гамшгийн эрсдэлийн удирдлагын менежмент" сэдвээр сургалт зохион байгууллаа.
- Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөрт зориулсан постер, баннер бэлтгэж цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэн ажиллаж байна.
- Гамшгийн эрсдэлийг бууруулах талаарх сурталчилгааны материал хэвлүүлэх аймаг, дүүргийн дунд шатны хороодод хүргүүллээ.
- Дотоод хэргийн их сургууль дээр байгуулсан анхан шатны хорооны үйл ажиллагааг эхлүүлэх.
- Дунд шатны хороодод Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг таниулах, сурталчлан ажиллах чиглэл өгч ажиллалаа.
Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2021 оны 3-р сард болсон хүчтэй шороон шуурганы улмаас орон гэр, эд хогшил, мал ахуйгаа алдсан 15 аймаг болон нийслэлийн зарим дүүргийн 1,000 өрх буюу 3,435 иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Хүчтэй шороон шуурганы голомтод хохирол, хэрэгцээний үнэлгээг хийж Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд Хүмүүнлэгийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг хүргүүлж батлуулав. Тусламжийн хүрээнд орон гэрээ бүрэн алдсан 150 өрхөд иж бүрэн, 5 ханатай Монгол гэр, гал тогооны багц, хөнжил, гудсыг харин орон гэр нь хэсэгчлэн эвдэрсэн 850 өрх бүрт 240,000 төгрөг, нийт 1 тэрбум 7 сая төгрөгийн тусламж олгожээ.