“Ус, орчны эрүүл ахуй” сургалтад 38 хүн хамрагдлаа

Нийтэлсэн өдөр: 2021.09.07, мягмар


Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт “Ус, орчны эрүүл ахуй” чиглэлээр олон нийтэд мэдээлэл өгөх сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа. Тодруулбал, Монголын улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага хамтран нийслэлийн гурван дүүргийн зорилтот бүлгийн өрх, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн алслагдсан сумдын сургуульд “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд “Ус, орчны эрүүл ахуй” чиглэлээр эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барих, өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэн сайжруулах, сайн дурын идэвхтнүүд бэлтгэх ажил хийгдэж байгаа. Уг ажлын хүрээнд хийж буй сургалтад нийтдээ 38 сайн дурын идэвхтэн оролцсон юм. Сургалтын нээлтийг нээж Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г.Энхзул нар үг хэллээ.  Энэхүү сургалтаар усны аюулгүй байдал, ундны усыг зөөвөрлөх, тээвэрлэх, ундны усны сав цэвэрлэх арга, ариун цэврийн байгууламжийн стандарт, түүнийг хэрхэн сайжруулах зэрэг сэдвүүдийн хүрээнд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтнууд хичээл заасан юм.