Бэлэн мөнгөний тусламжийн багийн цахим уулзалт боллоо

Нийтэлсэн өдөр: 2021.09.06, даваа



Монгол Улсад бэлэн мөнгөний тусламжийн үйл ажиллагаа зохион байгуулдаг Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын  уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Бэлэн мөнгөний тусламжийн баг”-ийн цахим уулзалт боллоо. Уулзалт 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд зохион байгуулагдлаа. Уулзалтыг Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгийн Холбооны Ази, Номхон далайн бүсийн Бэлэн мөнгөний тусламж хариуцсан зохицуулагч Майкл Беларо, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн, Бүсийн бэлэн мөнгөний тусламжийн багийн зохицуулагч Влад Козма нар чиглүүлэв.

Цахим уулзалтад Монгол Улсад бэлэн мөнгөний хүмүүнлэгийн тусламжийг хэрэгжүүлэгч НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага,  Дэлхийн зөн Олон Улсын байгууллага, Хүүхдийг ивээх сан болон бусад байгууллагын төлөөлөл оролцсон юм. Уг хуралд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгал, гамшгийн менежментийн газрын дарга Ш.Мөнгөнтуяа оролцож, малчид болон байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн иргэдэд олгосон бэлэн мөнгөний тусламжийн талаар мэдээлэл өгөв.