Нийтэлсэн өдөр: 2021.08.26, пүрэв
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн нь гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, харилцаа хамтын ажиллагааг сайжруулж, туршлага солилцох, цаашид идэвхтэй хамтран ажиллах боломж олгох зорилгоор Үндэсний зуслан цугларалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн Үндэсний цахим зуслан цугларалт “Хүүхэд залуучууд бид-Цар тахлыг хамтын хүчээр давна" сэдвийн хүрээнд болж байна. Зуслан цугларалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн Өсвөрийн улаан загалмайн гишүүн, Сайн дурын идэвхтний төвийн гишүүд нийт 200 гаруй хүүхэд оролцож байна. Оролцогчид цар тахлын хөл хорионоос үүдсэн боловсролын хоцрогдлыг хамтын хүчээр даван туулахад хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, зорилготой хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хичээлийн шинэ жил эхлэхэд суралцагчдын сэтгэл зүйн бэлэн байдлыг хангаж, тус асуудалд өсвөрийн улаан загалмайн гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2 өдрийн турш үргэлжлэх арга хэмжээнд улаан загалмайн хөдөлгөөний талаар мэдлэг сорих даалгавар, өртөөчилсөн сургалтууд, бүлгээр ажиллах гэрийн даалгавар, олны танил эрхмүүдийн соён гэгээрүүлэх чиглэлийн зөвлөгөө, лекц, чөлөөт ярилцлага зэрэг хөтөлбөрийн дагуу сургалт үргэлжилж байна. Оролцогчид “Хүүхэд залуучууд бид-Цар тахлыг хамтын хүчээр давна” сэдэвт Үндэсний зуслан цугларалтад оролцсоноор боловсролын хоцрогдол болон түүнээс үүдэлтэй сэтгэл зүйн айдас, түгшүүрийн талаар ойлголттой болж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чадварт суралцах юм. Улмаар оролцогчид сурсан мэдлэгээрээ хичээлийн шинэ жил эхлэхэд сургууль, аймаг, дүүрэг төдийгүй бүс нутаг, үндэсний хэмжээнд нөлөөлөх, үйл ажиллагаа зохион байгуулах арга зүйн зөвлөгөөгөөр хангагдаж ажиллана.
Хүмүүнлэг иргэн хөгжлийн ирээдүй...