Үерийн гамшгийн хариу арга хэмжээний хяналт, үнэлгээний баг Өмнөговь аймагт ажиллаж байна

Нийтэлсэн өдөр: 2021.08.23, даваа


Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгал, гамшгийн удирдлагын газрын баг бүрэлдэхүүн энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд үерийн гамшгийн хариу арга хэмжээний хяналт, үнэлгээний ажлаар Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажиллаж байна. Энэ оны 67 дугаар сард нийт нутгаар орсон борооны (46-60 мм) улмаас 7 аймгийн 1500 гаруй өрх үерийн гамшигт өртсөн билээ. Энэ үерт Өмнөговь аймгийн 1000 гаруй өрх өртөж, аймгийн төвийн зарим цахилгааны шонгууд эвдэрч, Ханхонгор, Ханбогд, Гурвантэс, Номгон, Цогтцэций сумдуудад цахилгаан тасарч ихээхэн хэмжээний хохирол учирсан. Монголын улаан загалмай нийгэмлэг үерт нэрвэгдсэн өрхүүдэд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай сантай хамтран нийт 1.1 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа билээ. Уг тусламжийн хүрээнд Өмнөговь аймгийн 300 өрхөд бэлэн мөнгө, хөнжил, гудас, ариун цэврийн багцын нийт 300 гаруй сая төгрөгийн тусламж олгож байгаа юм.