Талбарын тархвар судлалын албанд дэмжлэг үзүүлэх сайн дурын идэвхтнүүд сургалтад хамрагдаж байна

Нийтэлсэн өдөр: 2021.08.23, даваа


Монголын улаан загалмай нийгэмлэг  Эрүүл мэндийн яам, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Коронавируст халдварын хариу арга хэмжээ” хөтөлбөрийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчин тандалт, судалгааны Талбарын тархвар судлалын албанд дэмжлэг үзүүлэн ажиллах чадавх бүхий 400 сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар Их, дээд сургуулийн дэргэдэх Хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүд, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 265 сайн дурын идэвхтэн сургалтад хамрагдаад байна. Эдгээр бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд коронавируст халдвар авсан иргэдтэй холбогдож нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, холбогдох мэдээлэл цуглуулж, нэгдсэн мэдээллийн санд бүртгэх чиглэлээр ажиллаж, Халдварт өвчин тандалт, судалгааны Талбарын тархвар судлалын албанд дэмжлэг үзүүлэх юм.

Энэхүү сургалт ирэх 9 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 21 аймаг, 9 дүүргээс нийтдээ 400 сайн дурын идэвхтэн хамрагдахаар төлөвлөж байна.