Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийтэлсэн өдөр: 2021.08.12, пүрэв


Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд Монголын Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, УОК-ын орлогч дарга, Хошууч генерал Г.Ариунбуян 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Уур, амьсгал, гамшгийн удирдлагын газрын дарга Ш.Мөнгөнтуяа, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний Тэргүүн Э.Ууганбаяр нар хүмүүнлэгийн үйл ажиллагааг танилцуулав. Энэ үеэр Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил, Цаг уурын  урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт хөтөлбөрийн хэрэгжилт, 2020-2021 онд малчдад үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн талаар мэдээлэл өгсөн юм. Үүнд:


Коронавируст цар тахлын хариу арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэг 2020 оны 2 дугаар сараас өнөөдрийг хүртэл нийтдээ 5,4 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлсэн байна. Үүнд эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг сайжруулах зорилгоор сөрөг даралтат түргэн тусламжийн машин, амьсгалын аппарат, оношлуур, мэргэжлийн байгууллагуудад халдвар хамгааллын хувцас, шинээр ор дэлгэсэн эмнэлгүүдэд хөнжил, гудас зэргийг олгосон байна. Мөн эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжлэг болж харж, хандах хүнгүй ахмад настан, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй гэр бүл, төрөөс олгож буй хүнсний талонд хамрагдаагүй, өрхийн орлого нь буурсан, хүнсний дутагдалд орсон, хаягжилтгүй хогийн цэг дээр амьдардаг 35,179 өрх, коронавируст халдвар авсан 1015 эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ар гэрт хүнс, ариун цэврийн багцийн  тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн Коронавируст цар тахлын хариу арга хэмжээний үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, нийт 1000 сайн дурын идэвхтнийг бэлтгэж, халдварт өвчний дэгдэлтийн үед тандалт судалгаа хийх, тусгаарлалтад орсон иргэдэд дэмжлэг үзүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуултад хамруулах зэрэг үйл ажиллагаанд нэмэлт хүч болгон ажиллуулж байна.

Үүнээс гадна 2020-2021 оны өвөлжилтийн жилд зудын эрсдэл өндөр гарсан 19 аймгийн 2,000 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц нийт 730 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна. 3 дугаар сард болсон хүчтэй шороон шуурганд нэрвэгдсэн 14 аймгийн 1,000 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Тусламжийн хүрээнд гэр нь бүрэн сүйдсэн 150 өрхөд иж бүрэн 5 ханатай Монгол гэр, гал тогооны багц, хөнжил болон гудас, гэр, байшин нь хэсэгчлэн эвдэрсэн 850 өрхөд бэлэн мөнгөний тусламж, нийт 1,7 тэрбум төгрөгийн тусламж олгосон.  2021 оны 7-8 дугаар сард үерт нэрвэгдсэн 7 аймгийн 1,000 өрхөд тусламж олгох ажлыг зохион байгуулж байна. 2019-2021 онд МУЗН байгалийн гамшгийн хариу арга хэмжээ авах хүрээнд нийт 7,750 өрхийн 27,000 гаруй иргэнд 5.8 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байгаа онцолсон юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Монголын улаан загалмай нийгэмлэг цар тахлын үед хүний нөөц дутмаг энэ цаг үед сайн дурын ажилтнууд бэлтгэж, тэдний тусламжтайгаар хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй нь сайшаалтай. Үүнээс гадна гамшиг, осол, цар тахлаас гадна өрх бүрийн бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулж, түүнд холбогдох сургалт, сурталчилгааны ажил хийж байгаагаа харлаа. Манай улсын хувьд үндэсний хэмжээнд хүмүүнлэгийн мэдлэг боловсролтой иргэдийн суурь тавигдахад Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаа маш том дэмжлэг болно гэдэгт итгэж байна” гэв.