Зүүн Азийн Үндэсний нийгэмлэгүүдийн удирдагч нарын цахим хурал боллоо

Нийтэлсэн өдөр: 2021.04.19, даваа


Олон Улсын Улаан загалмай Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбооноос жил бүр Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн удирдагчдын хурлыг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хурлыг коронавируст халдварын цар тахлын улмаас 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Уг хурлын хамтран зохион байгуулагч, даргалагчаар Монголын улаан загалмай нийгэмлэг 3 дахь жилдээ ажиллаж байна. Цахим уулзалтад  Олон Улсын Улаан загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жаган Чапагейн, Ази Номхон далай бүсийн захирал Александер Мэтью,  бүсийн орлогч дарга Гвендолин Панг, Зүүн Азийн орнуудын Үндэсний нийгэмлэгийн удирдагч нар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Уур амьсгал, гамшгийн удирдлагын газрын дарга Ш.Мөнгөнтуяа, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр нар оролцсон юм.

Хурлыг нээж Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд үг хэлж, үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд болон коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгөв.  Хурлаар Зүүн Азийн орнуудын бүсийн “Стратеги 2030”, Үндэсний нийгэмлэгүүдийн 2021-2022 оны бүсийн хамтын ажиллагааны чиглэлийн тодорхойллоо. Үүнд томоохон гамшиг ослын үед хамтран ажиллах, анхны тусламжийн сургалтыг өргөжүүлэх, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөг гаргалаа. Үүнээс гадна коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр хийсэн үйл ажиллагаагаа тайлагнаж, туршлагаасаа хуваалцлаа.